Орчин цагт хүмүүс бидний амьдрал, нандин бүхэн ердөө алган чинээ ухаалаг утсан дотор багтдаг болжээ. Тэнд хүүхдийн тань анхны инээд, ээж аавын тань дулаахан төрх, амьдралын хамгийн нандин хэлхээсүүд зөвхөн зураг, бичлэг болон үлдсэн байдаг. Гэвч тэрхүү дурсамжийг тань хэн нэгэн шунахайн сэдлээр халааснаас тань сугалан одох мөчид амьдралын нэгэн хэсэг тасран одох шиг л болдог билээ.
Энэхүү дурсамжийн манаанд 18 жилийн турш гар утас засварын салбарт үнэнчээр ажиллаж буй, нийгэмд шударга үнэнийг түгээгч Б.Бадрах гэх залуу зогсож байна. Тэрбээр өөрийн ажил мэргэжлийн давуу талыг ашиглан хулгайд алдагдсан утаснуудыг эздэд нь олж өгөх сайн үйлсийг өрнүүлж, нийгэмд гэрэл түгээсээр байгаа юм.
ВИДЕО:
-ТҮҮН ДЭЭР ИРЖ БУЙ УТАСНУУД НЬ ИХЭВЧЛЭН ХУЛГАЙЛСАН УТСАА ӨӨРТӨӨ АШИГЛАХ, ЭСВЭЛ БЭЛЭН МӨНГӨ БОЛГОЖ ЗАРАХ ГЭСЭН ЗОРИЛГОТОЙ ОРЖ ИРДЭГ БАЙНА-
Тэрбээр 10 гаруй жилийн турш өөрийнх нь гар дээр кодоо тайлуулах, эсвэл хямд үнээр зарагдахаар ирсэн хууль бус утаснуудыг хураан авч, эздэд нь буцаан өгсөөр иржээ. Түүний хувьд хулгайчдаас утас хураана гэдэг зүгээр нэг үнэ цэнтэй эд зүйлийг буцааж байгаа хэрэг биш юм.
"Тэр утас дотор чинь хүний амьдралын хамгийн нандин зураг, бичлэг, ээж аавынх нь, үр хүүхдийнх нь дурсамжууд байдаг. Тэрийг нь л үгүй хийж, устгахгүйн тулд би ингэдэг юм. Яагаад гэвэл бид нарын амьдрал өнөөдөр энэ гар утсан дотор л багтдаг болчхоод байна шүү дээ" хэмээн тэрбээр чин сэтгэлээсээ өгүүлнэ.
Түүн дээр ирж буй утаснууд нь ихэвчлэн хулгайлсан утсаа өөртөө ашиглах, эсвэл бэлэн мөнгө болгож зарах гэсэн зорилготой орж ирдэг байна. Гэхдээ тэрбээр өөрийгөө дөвийлгөх дургүй. Хулгайн утаснууд гадуур маш ихээр эргэлдэж байгаа бөгөөд тэрбээр зөвхөн өөрийнхөө нүдэнд ил болсон, гар дээр нь ирсэн ганц нэгийг нь л ингэж эздийг нь хайж өгдөг гэдгийг тодотгосон юм. Мэдээж хэрэг, хулгайчид түүний энэ зарчмыг мэддэг учраас түүнээс аль болох зайлсхийхийг хичээнэ. Утас хураалгахгүйн тулд маргаж, муудалцаж, элдэв ааш авир гаргах нь Б.Бадрахын хувьд өдөр тутмынх нь ажил шиг л болжээ. Зарим нь ухамсарлаад утсаа орхиод гардаг бол, заримтай нь нэлээдгүй тэмцэлдэж байж утсыг нь авч үлддэг байна.

-IPHONE 12 ЗАГВАРЫН ГАР УТАСНЫ ЭЗЭН ЭНЭ СУРВАЛЖИЛАГЫГ ХАРЖ БАЙВАЛ ИРЭЭД УТСАА АВААРАЙ-
Б.Бадрахын эзнийг нь олж баярлуулсан хамгийн сүүлийн үйл явдал саяхан, Түүн дээр нэгэн хулгайн утас ирснийг тэрбээр хураан авчээ. Утасны эзнийг олохын тулд дотор нь байсан Мобикомын симийг өөр утсанд хийж, дугаарыг нь олж мэдээд хэдэн өдрийн турш тасралтгүй залгасан байна. Тэгтэл утасны эзэн нь яг урд орой нь "За, утас маань олдохоосоо өнгөрлөө дөө" гээд буугаад өгчихсөн, шинэ утас худалдаж авсан байж таарчээ.
Маргааш нь Бадрах залгаж, "Утас чинь энд байна, хүрээд ир" гэхэд утасны цаанаас итгэж ядан, сандарч, "Та бараг эргээд алга болчихгүй биз дээ?" хэмээн асууж байсан гэнэ. Удалгүй Дээгий гэх тэрхүү иргэн ирж, өөрийн алдсан утсаа буцааж аваад баярласан сэтгэлээ илэрхийлэн Б.Бадрахыг 100 мянган төгрөгөөр шагнажээ.Тэрбээр "Буруу аргаар олсон ашиг ч юм уу, тиймэрхүү зүйлийг өөртөө шингээхгүй гэдэг л өнцөг барьдаг. Хэн нэгнийг баярлуулаад гаргачихна гэдэг чинь ер нь бол бас л зөв тал руугаа явж байгаа хэрэг" хэмээн инээмсэглэн хэлэв. Тэрбээр ганцаараа биш, өөр бусад засварчид ч гэсэн хууль бус утаснуудыг эздэд нь өгдөг нийтлэг зөв сэтгэлгээтэй болоосой хэмээн хүсдэг ажээ.
Мөн тэрбээр "Манайхан хулгайчаас жоохон айдаг сэтгэхүйтэй болчихож. Хулгайч нь баригдлаа гэхэд ямар ч ял шийтгэлгүй шахуу болчихдог. Цагдаа нар маань бас нэг ийм хэцүү асуудалтай, хүний эрх гэж их ярьдаг болсон нь хулгайч нарт л маш их хэрэгтэй болоод байна. Гэтэл хохирч байгаа улсууд нь цагдаа дээр дахин дахин дуудагддаг ийм ядаргаатай асуудалтай. Хулгайд юмаа алдаад өөрөө хохирчихоод байхад дээрээс нь цаг заваараа байцаалт, мэдүүлэг өгөх гээд байн байн дуудахаар хүмүүс төвөгшөөгөөд цагдаад бүртгүүлэхээс залхдаг, хойш суудаг болчихсон" хэмээн нийгмийн бодит үнэнийг шүүмжлэн хэллээ.
Ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр “саяхан 10 сарын 7-нд нэгэн оюутан хүүхэд МУБИС-аас олсон гээд iPhone 12 загварын гар утсыг яахаа мэдэхгүй барьж ирсэн. тэмцээнд орох гээд бэлтгэлийн хувцас, хэрэгсэл хэрэгтэй байсан тэрхүү шударга оюутан дүүг өөрийн зүгээс шагнаж явуулсан. утасных нь эзэн энэ сурвалжилагыг харж байвал ирээд утсаа аваарай” гэсэн юм.
