Б.Дашпүрэв: Аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллана

Б.Дашпүрэв: Аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцийн талаар мэдээлэл өгөв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Холбогдох газруудын зүгээс шатахууныг тасралтгүй импортолж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгуудын шатахууны нөөцийг хэвийн болгох чиглэлд ажиллаа. Ерөнхийдөө наймдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 24 хүртэл Сүхбаатар боомтоор 45.507 тонн авто бензин, Эрээнцав боомтоор 780 тонн Замын –Үүд боомтоор 4.500 тонн шатахуун импортолсон. Нийт 50.787 тонн авто бензин импортолсон байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42 вагон цестерн буюу 2.520 тонн АИ-92 төрлийн авто бензин импортолж, нийслэлийн хэмжээнд 121 шатахуун түгээх станцад 1345 тонн шатахууныг түгээсэн бол орон нутгийн 150 шатахуун түгээх станцад 1.216 тонн шатахуун түгээгээд байна. Өнөөдрийн байдлаар замд 149 вагон цестерн буюу 9.000 тонн АИ-92 төрлийн шатахуун замдаа ирж байгаа. Цаашид аймаг, сумдын шатахууны асуудлыг хэвийн болгох тал дээр анхаарч ажиллана. Бид бүхэн наймдугаар сард авах шатахууны тонн хэмжээгээ богино хугацаанд шахаж авахаар ОХУ-тай ярьж байна. БНХАУ-аас шатахуун тасралтгүй орж ирж байгаа" гэлээ.