Өнгөрсөн Бямба гарагт Франц Улсад амьдардаг нэгэн Монгол эмэгтэй хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар мэдээлэл гарсан. Тэрээр өөрийн нөхцөл байдлын талаар нэгэн сэтгүүлчид хандсан нь олны анхааралд өртсөн юм. Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яам /ЭСЯ/, Консулын газраас тус иргэнийг хамгаалалтад авсан, мөн тус хохирогч эмэгтэйг хуульч Р.Булгамаатай холбож өгсөн талаараа сэтгүүлч өөрийн цахим хуудастаа бичсэн.
Иймд бид Франц Улс дахь Монгол улсын ЭСЯ-ны Консул А.Нямбазартай холбогдож дээрх үйл явдлын талаар тодрууллаа.
-Монгол улсын иргэн хүний наймаанд өртсөн байж болзошгүй хэргийн мэдээлэл Монголын хэвлэлд мэдээллийн хэрэгслээр гараад байна. Энэ асуудлаар та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?
-Тухайн өдөр цахим орчинд тавигдсан мэдээллийн дагуу бид тухайн иргэнтэй холбогдсон. Одоогоор цагдаагийн байгууллагад хэрэг үүсгээд шалгагдаж байгаа. Хэвлэлүүдээр яваад байгаа шиг ямар нэг байдлаар хар тамхитай холбоотой асуудлын талаар мэдээлэл ирээгүй. Гэр бүлийн маргаан маягтай хэрэг байсан. Хүнд нөхцөл байдалд орж, бусдад худалдагдсан зүйл байхгүй.
-Тухайн Монгол эмэгтэй аль улсын иргэншилтэй байсан бэ?
-Монгол Улсын иргэншилтэй, Франц улсад олон жил амьдарч буй эмэгтэй байсан.
-Тухайн иргэн Молдав Улсын иргэнтэй албан ёсны гэр бүл байсан уу?
-Хамтран амьдрагч байсан.
-Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Элчин сайдын яамны зүгээс тус үйл явцад хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ?
-Францын цагдаа манай улсын иргэний эрхийг зөрччих вий гэдэг үүднээс хандаж байна. Одоогоор хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт гаргасан байгаа.
-Франц Улсад суугаа элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэй ханддаг гэж та мэдээлсэн. Энэ тохиолдолд хэрхэн ажилладаг вэ?
-Францад 6-7 мянган Монгол иргэн бий. Тэдний дунд янз бүрийн гэр бүлийн маргаан гарна. Заримдаа гадаад иргэнтэй холбоотой ч гомдол гардаг. Хүчирхийлүүллээ, зодууллаа гэж мэдэгдээд яваад очихоор эвлэрчихсэн байдаг тохиолдол их олон. Тэр болгон дээр ЭСЯ, Консул явж очоод тусгаарлалтад авч ажиллах боломжгүй. Ерөнхийд нь хяналт тавихаас биш айл гэрийн асуудлыг алийг тэр гэхэв.
-Францад гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэр хатуу вэ?
-Ямартай ч Монголоос илүү хатуу байдаг. Ямар нэг байдлаар ийм хэрэгт холбогдоход шоронд орохгүй байх тохиолдол ховор. Дээрх мэдээллийг гаргасан иргэн цагдаа нар тоохгүй байна гэсэн байсан. Харин ч эсрэгээрээ ийм төрлийн хэрэг дээр Францын цагдаа, хуулийн байгууллага маш түргэн шуурхай ажилладаг.
Тодруулбал, Дээрх хэрэгтэй адил гадны улсад гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эмэгтэйчүүд цөөнгүй бий. Энэ талаар зарим хэвлэлд хэргийг гэр бүлийн маргаан, сэтгэл хөдлөл гэх мэтээр тайлбарласан байсан ч нөхцөл байдал нэлээд хүнд байгааг хуульч Р.Булгамаа хэлж байсан юм. Тэрээр “ Бид хохирогчтой холбогдсон. Тэр өдрөө цагдаад мэдэгдээд хамгаалалтад авсан. Нөхцөл байдал нэлээд тааруухан маягтай зураг хөрөг бий. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.