Монгол орны ойн экосистемд сөргөөр нөлөөлж буй хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилготой “Эрүүл ой” төслийн хүрээнд 2022 оноос хойш нийт 1 тэрбум модыг хамгаалсан талаар Рио Тинто компани мэдээллээ.
ВИДЕО:
Тус компани төслийг хэрэгжүүлэхэд 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон олон улсын байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

Ойн мод хөнөөлт шавжид хоёр жил дараалан өртсөн тохиолдолд дахин сэргэхгүйгээр хатаж үхэх эрсдэлтэй байдаг. Тиймээс шавжийн тархалтыг эрт илрүүлж, голомтыг хязгаарлах нь ойн хамгааллын чухал арга хэмжээ болж байна.

Төслийн үр дүнд:
- Улсын хэмжээнд нийт 300 мянган га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн;
- Ойн хөнөөлт шавжийн тандалт, хяналтад ашиглах хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger мониторингийн платформыг нэвтрүүлсэн;
- Ойн хамгааллын үйл ажиллагаанд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн;
- Ойн салбарын 50 гаруй мэргэжилтнийг чадавхжуулж, сургалтын гарын авлага, зааварчилгааны материал боловсруулсан;
- Талбайн нөхцөлд тохирсон 100 гаруй технологийн шийдлийг нэвтрүүлсэн байна.
Ингэснээр ойн хамгааллын үйл ажиллагаанд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдсэн гэж төслийн хэрэгжүүлэгчид үзэж байна.

“Эрүүл ой” төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдан хэрэгжиж байгаа бөгөөд ойн менежментийн дотоодын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Сануулахад, Монгол Улсад Оюу толгойн төслийг хэрэгжүүлэгч, дэлхийн уул уурхайн групп Рио Тинто нь уул уурхайн үйл ажиллагаанаас гадна байгаль орчин, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн. Тус компани 2024 онд Улаанбаатар хотын төвд байрлах Хүүхдийн паркийн баруун хэсгийн 10.2 га талбайг ногоон цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж, нийслэлийн иргэдэд хүлээлгэн өгсөн байдаг.