Б.Дашпүрэв: Зах зээлийг бүрэн чөлөөтэй орхивол АИ-92 автобензиний үнэ 5000 төгрөгт хүрэх нөхцөл үүсч болзошгүй

Б.Дашпүрэв: Зах зээлийг бүрэн чөлөөтэй орхивол АИ-92 автобензиний үнэ 5000 төгрөгт хүрэх нөхцөл үүсч болзошгүй

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийж, АИ-92 автобензиний хангамжийг наймдугаар сарын 17-ноос улсын хэмжээнд хэвийн болгохоор ажиллаж байгааг мэдэгдлээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр одоогоор Улаанбаатар хотын 97 шатахуун түгээх станцад 873 тонн, орон нутгийн 37 шатахуун түгээх станцад 370 тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байна. Мөн 2700 тонн автобензин шинээр орж ирсэн бөгөөд 65 вагон буюу 4000 орчим тонн автобензин тээвэрлэлтийн замд явж байгаа аж. Тэрбээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, “Улаанбаатар төмөр зам” болон холбогдох аж ахуйн нэгжүүд хамтран шатахууны татан авалтыг эрчимжүүлж, ирэх долоо хоногоос түгээлтийг тогтворжуулахаар ажиллаж байгааг онцоллоо.

Мөн дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа ч АИ-92 автобензиний үнийг бүрэн чөлөөтэй орхих боломжгүй гэдгийг тэрээр хэлэв. Учир нь нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэн үед хууль бус дамлан худалдаа нэмэгдэж, үнэ огцом өсөх эрсдэлтэй байдаг байна.

“Хэрэв зах зээлийг бүрэн чөлөөтэй орхивол АИ-92 автобензиний үнэ 5000 төгрөгт хүрэх нөхцөл үүсэж болзошгүй. Тиймээс Засгийн газар үнийг бүрэн чөлөөтэй тавихгүй, харин импортын өртгийн бодит өсөлтөд тулгуурлан зохицуулах шаардлагатай” гэж Б.Дашпүрэв мэдэгдлээ. Түүнчлэн шатахууны хомсдолыг давтахгүйн тулд нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, агуулах савны багтаамжийг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлж байгааг онцолсон юм. Энэ онд 150 мянган шоо метр багтаамжтай агуулах сав ашиглалтад орох бөгөөд 2028 он гэхэд улсын гурван сарын хэрэглээг хангах стратегийн нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.