Сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээг сургууль бүрд ажиллах хөндлөнгийн хяналтын комисс зохион байгуулна

Сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээг сургууль бүрд ажиллах хөндлөнгийн хяналтын комисс зохион байгуулна

Боловсролын яамнаас “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 2026 оны сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ”-ний аргачлал, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалд энэ жил тодорхой өөрчлөлт оруулсан талаар мэдээлэв. Тодруулбал, өмнө нь нийт зургаан шалгуурын 15 үзүүлэлтээр үнэлдэг байсан бол энэ жил есөн үзүүлэлт буюу нийт үзүүлэлтийн 60 гаруй хувьд өөрчлөлт оруулжээ. Мөн үнэлгээг сургуульд суурилсан хэлбэрт шилжүүлж, сургууль бүрд ажиллах хөндлөнгийн хяналтын комисс үнэлгээг зохион байгуулсан байна.

Гүйцэтгэлийн үнэлгээг 2020 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн үр дүн болон багш нараас ирүүлсэн нээлттэй саналыг үндэслэн энэ жилийн аргачлалд өөрчлөлт оруулсан гэдгийг мэдээлэв. Өмнөх жилүүдэд нэг багшийн гүйцэтгэлийг үнэлэхэд олон талын субъект оролцдог байсан бол энэ жил тухайн хичээлийн шинэ жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнг нотлох баримтад тулгуурлан үнэлгээний баг баталгаажуулжээ. Мөн сургалтын байгууллага, багшийн гүйцэтгэлийг тус тусад нь үнэлсэн байна. Сургууль, цэцэрлэгийн гүйцэтгэлийг Боловсролын үнэлгээний төвөөс хянасан бол багшийн гүйцэтгэлийг тухайн сургуулиас томилсон үнэлгээний баг үнэлжээ. Уг багт олон нийт, эцэг эх, сурагчийн төлөөллийг оролцуулсан байна.

2026 оны гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан байдлыг харвал,

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага:

  • 1016 цэцэрлэг
  • 7434 багш
  • 49,762 хүүхэд
  • 992 эрхлэгч
  • 914 арга зүйч
  • 120 ажилтан

Ерөнхий боловсролын сургууль:

  • 711 сургууль
  • 30,097 багш
  • 756 мянга гаруй сурагч хамрагджээ. Энэ үндэсний хэмжээнд үнэлгээний дата боловсруулсан томоохон ажлуудын нэг болсон. 

Мөн гүйцэтгэлийн үнэлгээ нь багшийн цалингийн нэмэгдэл, урамшууллыг тооцоход ашиглагддаг байна. Багшийн гүйцэтгэлийг нийт 100 оноогоор тооцож, үр дүнг 1-5 дугаар индексээр эрэмбэлдэг аж. 1-4 дүгээр индекст багтсан багш цалингийн тодорхой хэмжээний урамшуулал авах бол 5 дугаар индекст багтсан багш урамшуулал авахгүй. Харин багш нарыг хооронд нь харьцуулан үнэлэхгүй бөгөөд тухайн багшийн өмнөх жилийн гүйцэтгэлийн үнэлгээтэй нь харьцуулж, үр дүнг тооцдог болохыг Боловсролын яамнаас онцоллоо. 




Байгаль эхийн хилэн

41 минутын өмнө