АҮЭБЯ: Газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж буй асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо

АҮЭБЯ: Газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж буй асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болголоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өнөөдөр буюу наймдугаар сарын 10-нд ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлын хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн асуудалтай танилцан, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгсөн байна. Тухайлбал, газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж буй асуудалд анхаарал хандуулж, орон нутагт уулзалт зохион байгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгожээ.

Мөн дараах чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон байна. Үүнд:

  • Геологийн судалгаа, шинжилгээний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон Газрын тосны тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх;
  • Эрдэс баялгийн салбар зөвлөлийн хурлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулах;
  • Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын баримт бичгийг чанартай боловсруулж, бэлтгэл ажлыг бүрэн хангах;
  • Сайдаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хугацаанд нь хангаж, эргэн танилцуулах.

Түүнчлэн “Алт-3” аян, газрын тосны хайгуул, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд боловсруулж буй эрх зүйн баримт бичгүүдийн явцын талаар мэдээлэл сонсож, ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “COP17- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал”-ын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын “Байгалийн капитал - Хариуцлагатай уул уурхай” сэдэвт танилцуулга болон “Ашигт малтмалын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажилд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгожээ.




Байгаль эхийн хилэн

1 цагийн өмнө