“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

“Мөнхөд орших Монгол”  Үндэсний их баяр наадмын баяр, цэнгүүний хөтөлбөр дэх  гэрэл зургийн үзэсгэлэн “Монгол бахархал”-“Адууны соёл” сэдэвт гэрэл зургаар Монголын Уран зургийн галерейд нээгдлээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоод хамтран 7 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнг үндэсний бахархал болсон төрт ёс, түүхэн уламжлал, өв соёл, ялангуяа монгол адуу, түүнтэй холбогдох соёлыг наадамчин олон монголчууд, гадаад, дотоодын зочид төлөөлөгч, жуулчдын мэлмийг баясгах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, үндэсний бахархлыг төрүүлэх зорилгоор дэлгэн толилуулж байна.

Адууны наадамд дэлхийн 55 орны төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монголын гэрэл зурагчдын хамтын бүтээл Монгол адууны өв соёл гэсэн нэртэй үзэсгэлэн болж байгаагаараа онцлог юм. Монголчууд морио хаан төрийн долоон эрдэнийн нэгээр эрхэмлэн бэлгэдэж  ирсэн төдийгүй, монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, өв соёл, уламжлалыг бий болгоход оруулсан хувь нэмэр, түүхэн үүрэг, ач гавьяаг нь хуулиар тунхаглан өдгөө монгол улсынхаа төрийн сүлдэнд залсан нь монголчуудын дээд шүтээн морин эрдэнэ болохыг илэрхийлдэг билээ.

Ийнхүү олон зуун, мянган жилийн түүхэнд бий болгосон “Монгол адуу-Дэлхийн өв”-ийг хайрлан хамгаалах, хөгжүүлэх, дэлхий нийтэд таниулах, хүн төрөлхтний түүхэнд адууны эзлэх байр суурийг бататгах, бэлчээр нүүдлийн соёлыг хадгалах, хөгжүүлэх зорилгоор 2025 онд НҮБ-аас “Дэлхийн адууны өдөр”-ийг бий болгож, жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэхээр  Үндэсний их баяртай давхцуулан  тогтоосон нь монголчуудын хувьд бахархалт үйл хэрэг юм. Үзэсгэлэн "Монголын Уран зургийн галерей"-д, мөн Хүй долоон худагт долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус тус үргэлжилнэ.