Наадам зохион байгуулах хороо олны эсэргүүцлээс "эмээж" эрх нь сэргэсэн Н.Өсөхбаярыг наадмаар барилдуулахгүй, өнжүүлэх шийдвэр гаргасан байж магадгүй

Наадам зохион байгуулах хороо олны эсэргүүцлээс "эмээж" эрх нь сэргэсэн Н.Өсөхбаярыг наадмаар барилдуулахгүй, өнжүүлэх шийдвэр гаргасан байж магадгүй

Энэ жилийн наадмын бөхийн барилдааны хэдийнээ түрүү бөхийн таамгийг бөх сонирхогчид янз бүрээр л дэвшүүлж эхлээд байна. Тэгвэл үүнтэй зэрэгцэн өнгөрсөн жил допингийн асуудлаас болж гарьд цолоо хураалгаад буй Н.Өсөхбаяр энэ наадамд барилдах эсэх олны анхаарлыг татаад буй билээ.

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нь 2025 оны наадмын дараа допингийн бодис биеэс нь илрэн цолоо хураалгаж уг асуудлаар Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан байдаг. Арбитрын хурал энэ оны тавдугаар сарын 11-нд болж Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан болохыг тодотгосон.

-ХЭРЭВ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЯВЦЫГ ЖИШГЭЭС ГАЖСАН ГЭЖ ДҮГНЭСЭН БОЛ ТУХАЙН БӨХИЙН ШИЙТГЭЛИЙН ЦУЦЛАХ ЁСТОЙ-

Мөн энэхүү шийдвэрийг баталж аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг Арбитрын шүүхээс, "Допингийн эсрэг зөрчил гаргаагүй" гэж үзсэнээр барилдах эрхийг нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос сэргээсэн талаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлж байсан. Мөн энэхүү мэдээлэлтэй давхцаж өөр нэгэн мэдээлэл гарсан нь бөх сонирхогчдыг төөрөгдөлд оруулсан юм.

Монгол үндэсний допингийн эсрэг байгууллагын бөхчүүдийн эрхийг сэргээх тухай албан бичиг

Тодруулбал, зургаагийн даваанд Н.Өсөхбаярт өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэл, долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын заан Пүрэвсайхан, наймын даваанд өвдөг шороодсон Улсын дархан аварга Н.Батсуурь зэрэг бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгосон явдал байв.

Хэрэв допингийн шинжилгээ авах явцыг жишгээс илтэд гажсан хэмээн дүгнэсэн тохиолдолд тухайн бөхийн шийтгэлийг цуцлах ёстой бөгөөд Н.Өсөхбаяр гарьд цолтойгоо энэ жилийн наадмаар барилдах эрх нь сэргэсэн. Гэтэл 2025 оны наадмаар Н.Өсөхбаярт өвдөг шороодсон бөхчүүдэд чимгийг олгосноор цол хураах шийтгэлийг хэвээр үлдээж байгаа бололтой.

-БАРИЛДАХ ЭРХГҮЙ 23 БӨХИЙН НЭРСИЙГ ТАНИЛЦУУЛСАН Ч "БАРИЛДУУЛАХГҮЙ" ГЭЖ МЭДЭГДСЭН Н.ӨСӨХБАЯРЫН НЭР ДУНД БАЙСАНГҮЙ-

Тэгвэл цолоо сэргээж чадахгүй болсон ч аймгийн арслан цолтойгоо эрхээ хасуулахгүй барилдана гэж байсан ч Баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба, "Н.Өсөхбаярыг барилдах боломжгүй" гэж мэдэгдсэн юм. Тэрбээр, "Үндэсний баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаад Н.Өсөхбаярын асуудлыг хэлэлцсэн. Арбитрын шүүхийн шийдвэр манай салбар хороон дээр ирсэн байгаа.

Гэхдээ Арбитрын шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй албан тушаалтнуудыг холбогдох газарт шалгуулж байгаа. Үүнийг шалгаж дууссаны дараа Н.Өсөхбаярыг барилдуулах эсэхийг шийднэ. Энэ жилийн наадмаар Н.Өсөхбаярыг барилдуулахгүй" хэмээсэн юм.

Н.Өсөхбаярыг Арбитрын шүүхээс шийтгэлийг хүчингүй болгож барилдах эрхийг сэргээх шийдвэр гарсан ч энэ жилийн наадам өнжихөөр болсныг зарласан гээд ойлгомжгүй асуудлууд олон байгаа юм.

Түүнчлэн өчигдөр /2026.07.06/ МҮДЭБ-аас энэ жилийн наадмаар барилдах эрхгүй Улсын гарьд М.Бадарч тэргүүтэй 23 бөхийн нэрсийг танилцуулсан. Гэвч энэ жилийн наадмаар барилдуулахгүй хэмээсэн Н.Өсөхбаярын нэр энэ дунд байсангүй.

May be an image of text

-ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛСӨН ХЭМЭЭН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛЖ БУЙ НЬ НААДМЫГ ӨНЖҮҮЛЭХ АРГА БАЙЖ МАГАДГҮЙ-

Бөхчүүдийн хүрээлэлд Баяр наадмын зохион байгуулах хороо энэ жилийн наадмаар Н.Өсөхбаярыг барилдуулвал олон нийтийн болон бөхчүүдийн томоохон эсэргүүцэлтэй тулгарна хэмээн тооцож наадам өнжүүлж байгаа хэмээн яригдаад байгаа юм.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 15.1-д “Дэлхийн допингийн эсрэг Кодод гарын үсэг зурсан допингийн эсрэг байгууллага, давж заалдах шатны хэрэг хянан шийдвэрлэх байгууллага, 

Спортын арбитрын шүүх болон Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотойгоор гаргасан шийдвэрийг хүлээн авч, шууд дагаж мөрдөнө" гэж зохицуулсан байдаг.

Гэтэл энэ дүрэм бодит байдал дээр мөрдөгдөхгүй байгаа асуудлыг дан ганц Н.Өсөхбаярт ч биш аймгийн арслан Б.Бат-Оршихын жишээн дээрээс ч анзаарч болохоор байгаа юм. Хэрэв үнэхээр Арбитрын шүүхээс гарсан шийдвэрийг дагаж мөрдөхгүй, мөн шүүгчид нь гадны нөлөөнд автаж байна хэмээн үзэж байгаа бол Спортын арбитрын шүүх гэх байгууллагыг удахгүй татан буулгах биз ээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө