Дундговь аймаг 84 жилийн ойн баяр наадмаа Говийн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан говийн бүсийн аймаг, сумдаас болон бусад орон нутгаас ирэх уралдаанчид, жуулчид, зочдыг хүлээн авах бэлтгэлийг бүх чиглэлээр ханган ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд шүлхий өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор зарим суманд хорио цээрийн дэглэм тогтоож, мал эмнэлгийн хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч холбогдох байгууллагууд өвчний тархалтыг богино хугацаанд хязгаарлана гэсэн тооцоонд үндэслэн баяр наадмын бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлж байна. Үүний зэрэгцээ мал, амьтны шилжилт хөдөлгөөн, ариутгал, халдваргүйтгэлийн ажилд онцгой анхаарч байна.
Мөн баяр наадмын өдрүүдэд иргэд, жуулчдад ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор ариун цэвэр, хог хаягдлын менежмент, ус хангамж, мэдээлэл, чиглүүлгийн үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарч байгааг холбогдох байгууллагууд мэдээллээ.
Дундговь аймгийн баяр наадам болон Говийн бүсийн хурдан морины уралдааныг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг наадам нь говийн бүсийн шилдэг хурдан хүлгүүдийг нэг дор өрсөлдүүлэхийн зэрэгцээ гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн орлогыг өсгөх боломж бүрдүүлнэ гэж зохион байгуулагчид онцолж байна.