Аятолла Али Хаменеиг оршуулах ёслолд түүний өв залгамжлагч ирсэнгүй

Аятолла Али Хаменеиг оршуулах ёслолд түүний өв залгамжлагч ирсэнгүй

АНУ-Израилын өгсөн цохилтод өртөн амиа алдсан Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеиг оршуулах ёслол ням гарагт боллоо. Аятолла Али Хаменеин гурван хүү эцгийнхээ болон гэр бүлийнхээ дөрвөн гишүүний шарилын дэргэд залбирал үйлдсэн боловч эцгийгээ залгамжилж Ираны дээд удирдагч болсон Можтаба Хаменеи уг ёслолд оролцсонгүй.

Техраны шашны томоохон цогцолбор болох Имам Хомейни Их Мосаллагийн уудам хашаанд тавьсан шарилуудын дэргэд Али Хаменеин гурван хүү болох Мостафа, Мейсам, Масуд Хаменеи нар залбирч байгааг Төрийн телевизээр харуулжээ. АНУ, Израил хамтран өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх үеэр тэдний эцэг, гэр бүлийн бусад хэд хэдэн гишүүний хамт агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн юм. Талууд гал зогсоох хэлэлцээрт хүрэхээс өмнө хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн уг мөргөлдөөнийн улмаас бүс нутагт олон хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирсан ч Исламын хувьсгалт гвардийн корпусын дэмжлэгтэй Ираны шашин, төрийг хослуулсан текрат засаглал хэвээр үлдсэн юм. 

Исламын Бүгд Найрамдах Иран Улс төр засагтаа үнэнч байх, хувьсгалт үзэл санаагаа олон нийтэд харуулахын тулд Али Хаменеиг оршуулах ёслолыг долоо хоногийн турш өргөн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд түүний шарилыг хөрш Ирак улс дахь шиитүүдийн шашны дагшин газруудаар тойруулах ёслол хийх ажээ. Ираны өндөр албан тушаалтнууд, гадаадын төлөөлөгчид салах ёс гүйцэтгэхээр нэг өдрийн турш дотор байрлуулсны дараа Хаменеин шарилыг бямба гарагт охин, хүргэн, бэр болон 14 сартай ач охиных нь шарилын хамт гадаа байрлуулан тавьжээ.

Ираны төрийн хэвлэлүүдээр мэдээлснээр, оролцогчдын тоо маш их байсан тул салах ёс гүйцэтгэх ажиллагааг нэг цаг орчмоор сунгаж, орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлүүлсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Израил, АНУ хамтран Ираны байгууламжуудыг бөмбөгдөх үеэр эцэг болон гэр бүлийн гишүүд нь амиа алдаж, Можтаба Хаменеи шархадсан гэж мэдээлснээс хойш тэрбээр олон нийтийн өмнө гараагүй, түүний ямар нэгэн зураг хөрөг ч нийтлэгдээгүй байна. Можтаба Хаменеин нүүр нь зэрэмдэглэгдэж, нэг эсвэл хоёр хөл нь хүнд шархадсан гэж түүнд ойр эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.