Зун болгон эд хэрэглэлээ үүрсэн лам нар хээр алхаж буй зураг, бичлэг цахим орчинд тархаж олны анхаарлыг татдаг билээ. Зарим хүмүүс тэднийг бадарчид, зарим нь ямар нэгэн зан үйл хийж байгаа лам гэх мэтээр тал талын байр суурьтай байдаг. Гэвч эдгээр лам нар ямар үйл хийж, юуны төлөө алхаж байгаа талаар төдийлөн сайн мэддэггүй билээ.
Тэгвэл лам нарын энэхүү үйлийг Чүмэд Жарз гэдэг. Замын хүмүүс өнгөц харахад зүгээр нэг алхаж буй мэт боловч үүний ард маш том зорилго тээн алхдаг аж.
-ЖАРЗАНД ЯВЖ БУЙ ЛАМ НАР БОСГО ДАВАХЫГ ЦЭЭРЛЭДЭГ-
Жарзанд явахын өмнө тэд долоо хоног гэртэй бясалгал хийж өөрийгөө бэлддэг. Ингэж бэлдсэний дараа тэд жарз хэмээх үйлээ хийхээр явдаг байна. Жарзанд явж буй лам нар баримталдаг хэдэн зүйл бий. Хамгийн эхэнд босго давахгүй, дөрвөн хананы дунд орохгүй, газраас салахгүй гэсэн зүйлс байдаг.
Өөрөөр хэлбэл ямар ч зүйл тохиолдсон айл, гэр, барилга байгууламж руу орохыг мөн морь унах, машин суух зэргийг цээрлэдэг байна.
-ЖАРЗАНД ЯВСАН ЛАМ ЛҮЙЖИН ТАВИХ ЭРХТЭЙ БОЛДОГ-
Энэхүү жарз хэмээх үйл 126 хоногийн хугацаанд үргэлжилдэг бөгөөд эхний очсон газраа долоо хонодог. Мөн 54 дэх болон 108 дахь очсон газартаа долоо хоносноос 108 өөр газар 126 өдөр хонож тэдний жарз дуусдаг. Энэ хугацаанд 108 хүүрийн газар, 108 булгийн эх, 108 удган модны дэргэд ном уншиж, мууг номхотгож дадлагажихаар бурхны шашны улааны урсгалын зоч ламын олон хоногоор жодгор майхантай явдаг.
Жарзанд явж буй лам нарын хувьд өдөр бүр очсон газраа гуйн авах зан үйл хийн жодгор майхандаа хоноглодог байна. Хоол хүнсээ их хэмжээгээр бэлдэж авч явдаггүй. Хоноглосон газрын ойр орчмын айлууд ихэвчлэн хоол, цайгаар дайлдаг бол зарим үед өөрсдийн гэрийнхэн нь эргэлтээр ирж хоол, хүнсээ залгуулдаг байна. Энэхүү зан үйлийг хийсэн лам бусдын муу муухайг арилгах лүйжин хэмээх номыг унших эрхийг авдаг.
-ЛҮЙЖИН ТАВИХ ГЭДЭГ НЬ ҮХЭЭРИЙН БУЗАР ШИНГЭСЭН БОЛОН БУГ ЧӨТГӨР, АД ШҮГЭЛСЭН ГАЗАРТ ТҮҮНИЙГ ТОНИЛГОХООР ЛАМ ХОНХ ДАМРАА ДУУГАРГАН, НОМ УНШИХЫГ ХЭЛДЭГ-
Монгол оронд анх Лүйжингийн номыг Жагармолом лам өөрийн биеэр Үржин Хандын оронд морилон очиж Иж хандаас Лүйжингийн ном сонссон гэдэг. 18-р зууны үед мэндэлсэн тавдугаар ноён хутагт Данзанравжаа нь Лүйжингийн номыг Монгол ёсонд дэглэн уншиж байсан түүхтэй.
Лүйжин гэх номыг уншиж байгаа газрын, сонсож байгаа хүний муу муухай бүхэн арилдаг гэж үздэг.
Хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон ад зэтгэр таарч өнгөрч байдаг гэдэг. Тэгвэл тэр бүгдийг арилгахад лүйжин гэдэг номын утга оршиж, хамаг амьтан зургаан зүйлийн амьтны тусын тулд сайн сайхны төлөө зориулагддаг. Жилдээ нэг удаа лүйжин тавиулчихвал тэр айлын муу муухай арилж, сайн сайхан бүгдийг Гандангийн дуугаар дуудаж авчирна гэсэн утга учиртай. Өөрөөр хэлбэл, номын дээд гэж ойлгоход болно. Хүмүүсийн хийсэн буруу үйл, бузар муу зүйл, нүгэл хилэнц арилна, ажил үйлсийг тэгшитгэж, бүтээхийн төлөө гэсэн утгаар лүйжинг Цагаан сарын засал, номоо уншуулахдаа гэртээ тавиулдаг.