Украины дроны халдлага Оросын бүс нутгуудад хохирол учруулж, нөхцөл байдлыг дахин хурцатгажээ

Украины дроны халдлага Оросын бүс нутгуудад хохирол учруулж, нөхцөл байдлыг дахин хурцатгажээ

Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн ээлжит халдлага Оросын хэд хэдэн бүс нутагт хохирол учруулж, хоёр улсын хоорондын мөргөлдөөнийг дахин хурцатгалаа гэж Aljazeera агентлаг мэдээлсэн байна.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, өөр 11 хүн янз бүрийн зэргийн гэмтэл авчээ. Шархадсан иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж. ОХУ-ын төрийн өмчит ТАСС агентлагийн мэдээлснээр, тус улсын Мөрдөн байцаах хороо уг хэргийг “террорист халдлага” хэмээн үзэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Үүний зэрэгцээ Санкт-Петербург хотын захиргаа Украины дронууд хотын хэд хэдэн дүүргийн дэд бүтцийн байгууламжийг онилон довтолсны улмаас эд хөрөнгийн хохирол учирч, хэд хэдэн хүн шархадсан талаар мэдээлжээ.

Халдлага болох үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Санкт-Петербург хотноо олон улсын эдийн засгийн форумыг зохион байгуулж байсан бөгөөд уг арга хэмжээг “Оросын Давос” хэмээн нэрлэсэн байжээ.

Ленинград мужийн захирагч Александр Дрозденкогийн мэдээлснээр, өнөөдөр /2026.06.03/ өглөө бүс нутгийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин нийт 50 дроныг устгасан бөгөөд аюул занал үргэлжилсээр байгаа аж. Мөн Оросын төв хэсэгт орших Тамбов мужийн Мичуринск хот дроны халдлагад өртсөн байна. Мужийн захирагч Евгений Первышовын мэдээлснээр үйлдвэрлэлийн байгууламжууд, орон сууцны барилга болон номын сангийн гаднах хэсгүүдэд эвдрэл гэмтэл учирчээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрөгч шөнийн туршид Украины нийт 354 дроныг улсын янз бүрийн бүс нутагт илрүүлж, устгасан гэж мэдэгдсэн байна.

Энэхүү халдлага нь Украины Агаарын цэргийн хүчин Орос улс өмнөх шөнө болон мягмар гараг /2026.06.02/-ийн өглөө хүртэл нийт 656 дрон, пуужингаар довтолсон гэж мэдээлсний дараахан болжээ. Киевийн мэдээлснээр, Оросын 54 дрон болон 33 пуужин Украины агаарын довтолгооноос хамгаалах олон давхаргат системийг нэвтэрч чадсан бөгөөд халдлагын улмаас дор хаяж 23 хүн амиа алдсан байна. Харин Москва өчигдөр /2026.06.02/ өргөн хүрээтэй цохилтоо хоёр долоо хоногийн өмнө Оросын хяналтад байгаа Луганск муж дахь дотуур байранд болсон хүний амь эрсэдсэн халдлагын хариу арга хэмжээ байсан гэж тайлбарлажээ. 

Сүүлийн өдрүүдэд хоёр тал харилцан дрон болон пуужингийн цохилтоо эрчимжүүлж байгаа нь энхийн хэлэлцээний ирээдүйд эргэлзээ төрүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа ажээ. 

Эх сурвалж: Aljazeera