АНУ Ираны эсрэг шинэ цохилт хийж, гал зогсоох хэлэлцээ дахин мухардалд орсон гэжээ

АНУ Ираны эсрэг шинэ цохилт хийж, гал зогсоох хэлэлцээ дахин мухардалд орсон гэжээ

АНУ-ын цэргийн хүчин Ираны эсрэг “өөрийгөө хамгаалах ажиллагаа” явуулж, баллистик пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг устгасан талаар АНУ-ын Төв командлал мэдээлснийг BBC агентлаг мэдээллээ.

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, Ормузын хоолой дахь Кешм аралд байрлах Ираны цэргийн команд, хяналтын байгууламжуудыг онилсон уг цохилт нь Ираны зүгээс Ойрхи Дорнодын бүс нутагт халдлага үйлдэх оролдлогын хариу арга хэмжээ байсан гэжээ. Харин Ираны тал АНУ-ын цохилтын хариуд бүс нутгийн нэгэн улсад байрлах Америкийн цэргийн бааз болон нисдэг тэрэгнүүд рүү пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр довтолсон гэж мэдэгдсэн байна. 

АНУ-ын Төв командлалын мэдээлснээр Иран Кувейт рүү хоёр, Бахрейн руу гурван баллистик пуужин харвасан боловч эдгээр нь байндаа хүрэлгүй замдаа устгагдсан эсвэл таслан зогсоогдсон ажээ.

Хэдэн сарын турш үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоох зорилготой гал зогсоох хэлэлцээ амралтын өдрүүдэд ахиц гаргаж чадаагүйн улмаас ийнхүү нөхцөл байдал дахин хурцадсан гэдгийг BBC агентлаг мэдээлсэн байна. 

Мөн АНУ, Ираны талаас олон улсын усан замаар хууль ёсоор зорчиж байсан иргэний усан онгоцнууд руу чиглэсэн гурван довтлогч дроныг устгасан гэж мэдээлжээ. Үүний хариуд Ираны холбогдох байгууллагууд Ормузын хоолойн аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдэл өндөр үнэтэй тусна хэмээн анхааруулсан байна. АНУ-ын Төв командлал Иран бүс нутгийн орнууд руу хэд хэдэн баллистик пуужин харвасан талаар мэдээлсэн байна. Тодруулбал, Кувейт рүү чиглэсэн хоёр пуужин замдаа унаж задарсан бол Бахрейн руу чиглэсэн гурван пуужинг АНУ болон Бахрейны агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд амжилттай устгажээ.

Үүний зэрэгцээ АНУ Ормузын хоолой дахь тэнгисийн цэргийн хориг арга хэмжээний хүрээнд Иран руу чиглэн явж байсан газрын тос тээвэрлэгч хэд хэдэн хөлөг онгоцыг саатуулсан байна. АНУ-ын Төв командлалын мэдээлснээр, Ботсвана улсын далбаатай M/T Lexie хөлөг онгоц АНУ-ын хүчний өгсөн зааврыг 24 цагийн турш биелүүлээгүйн улмаас ажиллагаанд өртжээ. Тус командлалын мэдээлснээр хориг арга хэмжээ эхэлснээс хойш нийт зургаан арилжааны хөлөг онгоцыг ажиллагаагүй болгож, 122 хөлөг онгоцны чиглэлийг өөрчилсөн байна.

Нөхцөл байдал хурцдаж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран хэлэлцээ хийх хүсэлтэй хэвээр байгаа бөгөөд хоёр талд ашигтай тохиролцоонд хүрэх боломж байгааг онцолжээ. Гэвч АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Вашингтон энхийн хэлэлцээрийн нөхцөлд өөрчлөлт оруулах санал гаргасан нь хэлэлцээг хүндрүүлсэн байна.

CBS News-ийн мэдээлснээр, санал болгосон өөрчлөлтүүдэд Ормузын хоолойн асуудал, Ираны өндөр баяжуулсан ураны нөөц болон цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг дахин эхлүүлэхтэй холбоотой заалтууд багтжээ. Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаей эдгээр мэдээллийг үгүйсгэж, АНУ байр сууриа байнга өөрчилж, шинэ шаардлагууд тавьж байна гэж мэдэгдсэн байна.

Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Конгрессын өмнө мэдүүлэг өгөхдөө Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах асуудал яригдаагүй бөгөөд аливаа хөнгөлөлт нь Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой нөхцөлөөс шалтгаална гэдгийг онцолжээ. Мөн тэрээр Конгрессын гишүүдтэй хийсэн ширүүн мэтгэлцээний үеэр “Дайн дууссан” хэмээн мэдэгдсэн боловч хууль тогтоогчид Вашингтоны мөргөлдөөнийг зохицуулах стратегид эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC