Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, тэр дундаа Facebook болон цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хэрэгжүүлэх уг зохицуулалтыг есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр болжээ. Энэхүү шийдвэр нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, мөн сурагчдын дүн, үнэлгээ болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд задруулахгүй байх зорилготой.
Ингэснээр сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо Facebook, групп чат зэрэг олон нийтийн сүлжээний оронд өөрийн байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны цахим платформыг ашиглах юм. Өөрөөр хэлбэл, багш, сурагч, эцэг эхийн хоорондын сургалтын мэдээлэл солилцоо, даалгавар, үнэлгээ зэрэг үйл ажиллагааг албан ёсны, аюулгүй цахим орчинд зохион байгуулахаар болж байна.