Азийн наадмын багийн ахлагч нарын уулзалтыг зохион байгуулжээ

Азийн наадмын багийн ахлагч нарын уулзалтыг зохион байгуулжээ

“Айчи–Нагояа 2026” Азийн зуны спортын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монголын багийн ахлагч нарын уулзалтыг Олимпын хороонд өчигдөр зохион байгууллаа.

Монголын багийн удирдлагууд болох багийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, багийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, мөн багийн дэд ахлагч, мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нартай МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг наадмын бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Уулзалтаар Азийн наадмын үлдсэн бэлтгэл ажил, тамирчдын бэлтгэл, спортын холбоодод үзүүлэх дэмжлэг, шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх зэрэг олон асуудлаар ярилцлаа. Тухайлбал, үндэсний компаниудын дэмжлэгийг татварын 1 хувийн хөнгөлөлтийн боломжтой уялдуулан, Азийн наадамд шаардлагатай үлдсэн санхүүжилтийг босгох чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон байна. Мөн Нагояа хотод “Mongolia Night” арга хэмжээ зохион байгуулж, Азийн наадмын үеэр Монгол Улсаа сурталчлах, спорт, соёл, аялал жуулчлал, бизнесийн боломжуудаа олон улсад таниулах талаар ярилцлаа. Энэ мэт олон боломж, санаачилгыг багийн ахлагч нар анхаарч, хэрэгжүүлэх чиглэлээр судлан ажиллаж байна. Үүний зэрэгцээ жүдо, чөлөөт бөх, бокс, жиү-жицү, буудлага, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, холимог тулаан-ы тамирчин, дасгалжуулагчдын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч, “Айчи–Нагояа 2026” Азийн наадмын үеэр өмсөх Монголын багийн нэгдсэн хувцас, хэрэгслийг МҮОХ-оос өглөө. Азийн олимпын зөвлөлөөс “Айчи–Нагояа 2026” Азийн зуны спортын XX наадмыг ирэх есдүгээр сарын 19-өөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулна.