Сүхбаатар аймагт газрын тосны хайгуул хийж байсан хятад иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан гэх иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг 2024 оны хэрэгтэй нь холбоотойгоор 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нар нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэх үеэрээ хууль зөрчсөн хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэднийг "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, номлох баримтыг устгах, гэмт хэрэг үйлдэх гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэрийг Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх гаргасан байдаг.
Тэгвэл Г.Солонго нар нь өөрсдийг нь цагдан хорих шийдвэр гаргасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Харин Г.Солонго, Э.Соронзонболд нарын Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг шүүх хэлэлцээд гомдлыг хангахаас татгалзаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.
Харин Г.Адилбиш нь Ерөнхий шүүгчид гаргасан гомдлын хэлэлцүүлэг дээр шүүгчээсээ татгалзсан байна. Тиймээс шүүхийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Дээрх нэр бүхий хүмүүсийг 2024 онд Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг,
- БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
- Тус байгууллагын хашаа руу нэвтрэхээр хамгаалалтын ажилчдад хүч хэрэглэн эсэргүүцэж, "Хужаагийн боол, хужаа нараа хамгааллаа" хэмээн гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
- Туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг үг хэлээр доромжилж, техник хэрэгсдийг нь унтраах зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан,
- Ажилчдын амрах сууцны доторх орчныг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж, олон нийтэд тараасан,
- "Алтан дун дорнод монгол" компанийн гадна талбай болон хоолны зааланд нэвтрэн орж, хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн нэр бүхий иргэдийн биед халдаж, нэгнийх нь салтаа хэсэгт өшиглөсний улмаас баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан
гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан ч тэд прокурорын дуудсан цагт ирээгүй байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байдаг юм.