"Цус цэвэр нэр цэвэр" нэвтрүүлгийн хөтлөгч, найруулагч гэх С.Баярсайханыг нэг сарын хугацаа цагдан хорьжээ.
Түүнийг хуулийн байгууллагаас "Худал мэдээлэл тараах, бусдын нэр төрд халдсан" гэх хэргээр шалгаж байсан гэх мэдээлэл бий.
Тэрбээр энэ талаар "Иргэн н.Уянга нарын хүмүүсийн гомдлоор өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тайлбар мэдүүлэг авсан" гэдгийг цахим хаягаараа дамжуулан мэдээлж байжээ.
С.Баярсайханыг тухайн хэрэгт холбоотойгоор уу, эсвэл өөр хэргээр цагдан хорьсон уу гэх мэдээлэл одоогоор алга байна. Харин түүнийг цагдан хорьсон талаар Хотын дарга асан Х.Нямбаатар мэдээлсэн байдаг. Тэрбээр "...Бас нэг галзуу 0001 дугаартай дэлхийн хамгийн үнэтэй машины цуглуулгатай Нямдаваа гэгчийн захиалгаар, Нийгмийн сүлжээнд түүний талаар гарсан байсан постыг шэйр хийсэн гэх хэргээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хүртэл шоронд хорьсон. Өөр олон хүнийг барьж шалгаж, хэрэг хүлээлгэж, хорьж саатуулсан, Интерполоор эрэн сурвалжилж байгаа гээд маадгар бичсэн байна лээ. Хууль хүчнийхэн хурууных нь үзүүрээр хөдөлдөг юм байна. Мөн тэр аугаа ихийн дэмийрлийг нь пост хийсэн Бафка хочит Баярсайханыг бас хорьсон гэв үү..." хэмээсэн нь олны анхаарлыг татсан.
Тэгвэл С.Баярсайханыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс прокурорын саналыг үндэслэн энэ сарын 15-ны /2026.08.15/ өдрөөс нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Ингэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 9-ийн 1.3 дахь хэсэгт зааснаар буюу "хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.