"УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг есдүгээр сарын 1-нд хуралдуулж, ээлжит бус чуулган зарлах эсэхийг шийднэ" гэв

"УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг есдүгээр сарын 1-нд хуралдуулж, ээлжит бус чуулган зарлах эсэхийг шийднэ" гэв

COP17 олон улсын хурлын дээд түвшний парламентын форумд 25 орны парламентын 27 гишүүн, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт оролцож, үг хэлсэн.

Улмаар тэрбээр байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өглөө.

Тэрбээр "Засгийн газраас улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. Улсын төсвийн орлого биелэхгүй байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хэмнэлт хийх, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, төр бүсээ чангалж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг заавал он гарахыг хүлээхгүйгээр шийдэх шаардлагатай байна гэж үзсэн юм билээ. Төсвийн тодотголыг хэлэлцэхэд тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг холбогдох хуулийг зөрчсөн байна уу гэдгийг үзэх шаардлагатай. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас дүгнэлтээ гаргах ёстой. Тийм учраас есдүгээр сар гараад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн болон Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчих байх. Тэр үед нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулна. Одоогоор есдүгээр сарын 1-ний өдөр хуралдуулах бодолтой байна. Ингэснээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх байр суурьтай байна. Тэр болтол тодорхой бэлтгэл хангах ёстой. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх саналыг тавьж байгаа. Хэрэв тийм бол 42 гишүүн гарын үсгээ зурж, ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа гаргах боломжтой. Миний хувьд ээлжит бус чуулган хуралдуулах саналтай байгаа" гэсэн юм.