Монгол Улсын 2025 оны эдийн засгийн болон Монголбанкны үйл ажиллагааны үр дүн, улмаар Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа.
Тэрбээр “Монголбанкны үндсэн мандат болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг зорилтот түвшинд барих, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалах чиглэлд бид онцгой анхаарч ажиллаж байна.
НЭГ. Макро эдийн засаг болон Мөнгөний бодлогын үр дүн
2025 онд Монгол Улсын эдийн засаг урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас гадна өрхийн хэрэглээ, цэвэр экспорт голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд эдийн засгийн идэвхжил сайн байсан ч оны эхний хагаст импортын үнэ, эрчим хүчний тарифын өөрчлөлт, төсвийн тэлэлтээс шалтгаалан инфляц эрчимжиж, 2 дугаар сард 9.6 хувьд хүрсэн. Энэхүү сорилтын эсрэг Монголбанк мөнгөний бодлогыг хатууруулж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлэн 12 хувьд хүргэсэн. Үүний үр дүнд инфляц аажмаар буурч, оны эцэст улсын хэмжээнд 7.5 хувь болж, төв банкны зорилтот интервалд орж буурсан. Гадаад секторын хувьд, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөц оны эхнээс 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 7 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь макро эдийн засгийн дархлаа, төлбөрийн чадвар, төгрөгт итгэх итгэлийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Хэдийгээр бид өнгөрсөн онд ийм эерэг үр дүнд хүрсэн ч, импортыг хөөрөгдөж буй хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад валютын нөөцөө хамгаалахад илүү хатуу зогсох шаардлага бидний өмнө тулгарсан. Иймд оны эхэнд Мөнгөний бодлогын хороог ээлжит бусаар хуралдуулж, өр, орлогын харьцааны (DSTI) дээд хязгаарыг 45 хувь болгон бууруулж, банкны төгрөг болон гадаад валютын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийг цаг алдалгүй гаргасан. Энэхүү урьдчилан сэргийлж угтуулсан бодлогын хатуу арга хэмжээ маш сайн үр дүнгээ өгч, энэ оны 4 дүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7.3 тэрбум ам.долларт хүрч баталгаажаад байна.
ХОЁР. Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал
Банкны салбар нь эдийн засгийн гол судас болохын хувьд Монголбанкнаас хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр эрчимтэй явуулж байна. Банкны системийн чанаргүй зээлийн харьцаа 5.1 хувь болж буурсан нь эерэг сайн үзүүлэлт юм. Системийн нийт өөрийн хөрөнгө 8.1 их наяд төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 15.8 хувьтай гарсан нь салбарын эрсдэл даах чадвар сайжирсныг илтгэж байна. Оны эхнээс бид санхүүгийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд томоохон алхмууд хийж байна. Тухайлбал, шинээр байгуулагдсан Ногоон санхүүжилтийн хэлтсээрээ дамжуулан Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банктай хамтарсан төслүүдийг эхлүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн болон ногоон зээлийн хүртээмжийг бодитоор нэмэгдүүлэх, салбарын эрсдэл даах чадварыг олон улсын Базелийн стандартад бүрэн нийцүүлэх ажлыг эрчимтэй манлайлан хэрэгжүүлж байна.
ГУРАВ. Төв банкны засаглал, санхүүгийн болон бүтцийн шинэчлэл
Монголбанк өөрийн үйл ажиллагаандаа ч мөн шинэчлэлийг амжилттай эхлүүлж байна. Бид бүтэц зохион байгуулалтаа оновчилж, 19 газрыг 10 газар болгон нэгтгэж, 700 байсан орон тоог 560 болгон цомхотгосноор шуурхай, үр ашигтай тогтолцоонд шилжиж эхлээд байна. Энэхүү шинэчлэл цаашдаа илүү чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд тасралтгүй үргэлжлэх болно. Шинэ бүтэц зохион байгуулалтын хүрээнд бид "Санхүүгийн тогтвортой байдлын газар"-ыг шинээр байгуулж, түүний дотор "Тогтвортой, ногоон санхүүжилтийн хэлтэс"-ийг тусгайлан байгуулж ажиллаж эхэллээ. Бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, даргын орон тоог 50 орчим, нийт орон тоог 19 хувиар цомхотгосноор үйл ажиллагааны зардлыг жилд 15.1 тэрбум төгрөгөөр хэмнэж байна. Энэхүү засаглал, реформ, санхүүгийн тайлагналын сайжруулалт болон өмнө жилүүдэд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсний үр дүнд олон улсын хөндлөнгийн аудитаас бид 8 жилийн дараа "хязгаарлалтгүй дүгнэлт" авч чадлаа. Монголбанкны Хяналтын зөвлөлөөс Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланд болон үйл ажиллагаанд өгсөн санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байна. Монголбанк өнгөрсөн олон жилийн хугацаанд санхүүгийн болон үйл ажиллагаандаа хуримтлагдаж бий болсон асуудлуудаа углуургаар нь шийдвэрлэх, орчин үеийн технологид суурилсан, олон нийтийн итгэл даахуйц, хараат бус институт болон төлөвшихийг зорьж байна. Энэ хүрээнд бид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг хамгаалах, цаашлаад бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх алсын хараа бүхий "Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө"-г цогцоор нь боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Бид энэхүү стратегийнхаа хүрээнд оны эхнээс Монголбанкны үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, хяналт шалгалтыг автоматжуулах технологийн шинэчлэлүүдийг эрчимтэй нэвтрүүлж эхэлсэн бөгөөд Төв банкны засаглалын реформыг эргэлт буцалтгүйгээр бэхжүүлэн ажиллаж байгаагаа хуваалцахад таатай байна.
ДӨРӨВ. Хууль эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ, шаардлага
Эрхэм гишүүд ээ, бид богино хугацааны гал унтраах арга хэмжээнүүдийг авч, тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч, дунд, урт хугацаанд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлаа баталгаажуулахын тулд эрх зүйн орчны шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Цаашид Төв банкны хараат бус, бие даасан байдлыг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, өөрийн хөрөнгийн дутагдлыг бүрэн шийдвэрлэж бодлогын орон зайгаа тэлэх, цаашлаад Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх суурь нөхцөл нь энэхүү хууль эрх зүйн реформ юм. Иймд Монголбанкнаас боловсруулсан 'Төв банкны тухай хууль' болон 'Банкны тухай хууль'-ийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлахад хууль тогтоогч Та бүхний манлайлал, тууштай дэмжлэг туйлаас чухал байгааг энд онцлон тэмдэглэе.
ТАВ. Цаг үеийн сорилт болон бодлогын чиглэл
Цаашид гадаад орчинд геополитикийн зөрчил, хөрш орнуудын эдийн засгийн төлөв, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг тодорхой бус байдал өндөр байна. Дотооддоо төсвийн тэлэлт, хэрэглээний зээлийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамт дахин сэргэх эрсдэл бодитой байна. Иймд Монголбанк дараах 5 чиглэлд бодлогоо төвлөрүүлнэ: Инфляцын эсрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, улмаар дунд хугацаанд зорилтот түвшинд бат бөх тогтворжуулах суурь нөхцөлийг бэхжүүлэх. Валютын нөөцийн хүрэлцээг хадгалж, хамгаалах. Банкны активын чанар, эрсдэлийн удирдлагад хяналтыг чангатгаж, тогтвортой байдлыг хангах. Зээлийн хэт өсөлт, өрхийн өрийн дарамтын эсрэг макро зохистой бодлогыг цаг тухайд нь ашиглаж хэрэгжүүлэх. Бодлогын ил тод байдлыг хангаж, олон нийтийн хүлээлтийг зөв удирдах. Эрхэм УИХ-ын гишүүд ээ! Эдийн засгийн сорилттой өнөөгийн орчинд тулгамдаж буй макро эрсдэлүүдийг дан ганц Төв банкны мөнгөний бодлогоор шийдвэрлэх боломжгүй юм. Төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын харилцан уялдаа, сахилга бат, бүтцийн суурь реформыг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Та бүхнийг дэмжиж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна” хэмээжээ.