Олон улсын зах зээлд газрын тосны үнэ баррель нь 95 ам.доллар хүрэхэд дотоодод шатахууны үнэ 40 орчим хувиар өсөж, нийт инфляцад 2.8 нэгж хувийн нөлөө шууд үзүүлэхээр байгааг Монголбанкны мөнгөний бодлогын гуравдугаар сарын тайланд мэдээлсэн байна. Харин 120-150 ам.доллар хүрэхэд шатахууны үнэ 70-120 гаруй хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.
Газрын тосны үнэ баррель нь 95, 120, 150 ам.доллар хүрч өсөх тохиолдолд дотоодод шатахууны үнэд хэрхэн нөлөөлөхийг Төв банк гурван хувилбараар тооцоолсон байна. Газрын тосны үнэ баррель нь 95 ам.доллар хүрэхэд шатахууны үнэ 40 орчим хувиар нэмэгдэнэ. Шатахууны үнэ нэмэгдэх нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг тэлж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш суурь төсөөллөөс дунджаар 100 орчим төгрөг, ирэх онд 150 орчим төгрөгөөр сулрана. Улмаар тээвэрлэлт, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх дам нөлөөгөөр бусад бараа, үйлчилгээний үнэ өсөж, нийт инфляц суурь төсөөллөөс энэ онд 4.4 нэгж хувиар, ирэх онд 1.4 нэгж хувиар тус тус өсөхөөр байна. Харин 120 ам.доллар хүрч өсөх тохиолдолд шатахууны үнэ 70 гаруй хувиар нэмэгдэнэ. Мөн ам.долларын ханш суурь төсөөллөөс 160-300 төгрөгөөр суларч, бараа, үйлчилгээний үнэд дам нөлөөлснөөр инфляц суурь төсөөллөөс энэ онд 9 орчим нэгж хувиар эрчимжих эрсдэлтэй байна. Хамгийн муу хувилбар буюу газрын тосны үнэ ирэх улирлуудад баррель нь 150 ам.доллар, 2027 онд 117 ам.доллар орчимд хадгалагдах үед дотоодод шатахууны үнэ 120 гаруй хувиар өсөх тооцоололтой байна. Энэ нь инфляцыг суурь төсөөллөөс 13.4 нэгж хувиар өсгөхөөр байгааг тодотгожээ. ОХУ-тай байгуулсан гэрээний хүрээнд АИ-92 автобензинийг тогтворжуулсан үнээр худалдан авч байгаа юм. Харин дизель түлшний үнэ дэлхийн зах зээлийн үнийг дагаж тодорхой хэмжээгээр нэмэгдээд буй.
Эх сурвалж: Bloomberg