Эдийн засаг, хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГазар хамтран зохион байгуулж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2026.04.23/ “Аймаг, нийслэлд түншлэлийн төсөл хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг арга хэмжээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д боллоо.
Хэлэлцүүлгээр нийслэл болон орон нутагт хэрэгжүүлэх боломжтой түншлэлийн бодит төслүүдийг танилцуулж, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах шийдлүүдийг хэлэлцэв. Энэ үеэр Улаанбаатар хот, Өмнөговь аймагт хэрэгжүүлэх боломжтой төслүүд, боловсролын салбар дахь түншлэлийн боломжуудыг онцлон танилцуулж, мэдээлэл өгөв.
Мөн Азийн хөгжлийн банк болон Япон Улсын туршлагаас хуваалцаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр ашигтай хэрэгжүүлэх олон улсын сайн туршлага, жишээг танилцууллаа. Арга хэмжээний үеэр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ болон Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд талууд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, олон нийт болон бизнесийн байгууллагуудад мэдээлэл түгээх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг бодит хэрэгжилтэд шилжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн чухал арга хэмжээ болов. Маргааш /2026.04.24/ энэ долоо хоногийн арга хэмжээний үргэлжлэл болж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг танилцуулах, түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн мэдээллийг хүргэх, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, санхүүжүүлэгч, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2026” арга хэмжээгээр үргэлжилнэ.