УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон ялыг хэвээр үлдээлээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр буюу 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт хоёр жил хорих ял оногдуулсан юм.

Д.Гантулга нь иргэн Н-ийг хүчирхийлсэн гэх хэрэгт болон иргэн Э-г найзуудын хамт хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт буруутгагдаад байсан. Уг хоёр хэргийг үндэслэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны арваннэгдүгээр сард Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноосон юм.