Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас нийт төрийн өмчит аж ахуйн нэгжийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланг танилцууллаа. Аудитын дүгнэлтэнд нийт 95 байгууллага хамрагдсанаас 48 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт, гурван байгууллагад “Сөрөг” дүгнэлт гарчээ. Үүнээс бид энэ удаад “Тавантолгой төмөр зам ХХК”-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайланг онцолж байна.
Аудитын дүгнэлтэнд дурдсанаар тус компанид 161 тэрбум 594 сая төгрөгийн зөрчил илэрчээ.
- Тайлант онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн 6 багцын 2,8 их наяд төгрөгийн хөрөнгийг санхүүгийн тайланд бүртгэхдээ “Дуусаагүй үйлдвэрлэл” дансанд дээрх хөрөнгөтэй холбоотой 46 тэрбум 659 сая төгрөгийн захиалагчийн хяналтын зардлыг үндсэн хөрөнгийн өртөгт шилжүүлэн бүртгээгүй, гүйцэтгэгчээс ирүүлсэн үнийн дүнгээр орлогод авч бүртгэсэн,
- Санхүүгийн тайланд нийт 89 тэрбум 927 сая 600 мянган төгрөгийн авлага, 33 тэрбум 52 сая 400 мянган төгрөгийн өр төлбөрийг тооцоо нийлж баталгаажуулаагүй
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй, төсөвт өртгийг хувааж 338.5 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан зэрэг томоохон зөрчлүүд илэрчээ.
- АЖИЛ ЗОГССОН ТӨСЛИЙН ЗАРДАЛ 21 ТЭРБУМ ТӨГРӨГ ДУУСААГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ДАНСАНД БҮРТГЭЛТЭЙ БАЙСААР БАЙНА-
Монгол Улсын томоохон дэд бүтцийн төслүүдийн нэг болох Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрлийг “Таван толгой төмөр зам” ХХК-д олгож, 2021 оны наймдугаар сарын 23-ны өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэсэн ч ердөө нэг жилийн дараа буюу Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус төслийг “Улаанбаатар төмөр зам” ХНН -ээр хариуцуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, ажил зогсоох мэдэгдлийг хүргүүлжээ. Ингээд дээрх шийдвэрийн хүрээнд Монголын Үндэсний худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл”-ийн гэрчилгээг үндэслэн ажил зогссон байна.

Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын хэрэгжилт өнөөдөр тодорхойгүй байдалд орж, ажил зогссон ч санхүүгийн ул мөр нь тайлан дээр “амьдарсаар” байна.
Тодруулбал,“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2025 оны төсөвт Богдхан төмөр зам төсөлтэй холбоотой 21 тэрбум 132 сая 900 мянган төгрөгийн зардал дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэлтэй байжээ. Аудитын дүгнэлтээр төслийн үр ашиг, эдийн засгийн өгөөжийг тодорхойлох боломжгүй, цаашид хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлүүлээгүй, гэсэн дүгнэлт гарсан байна.

Сонирхуулахад, Богдхан төмөр замын төсөл нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8км үргэлжлэх, 6 зөрлөг, 3 өртөө, 1,520 мм өргөн царигтай, 16,6км урттай хоёр тунелтэй баригдахаар төлөвлөгдсөн байжээ.