Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2026 оны эхний улирлын байдлаар 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 5.2 дахин өссөн байна. Нийт экспортын хэмжээ 4.9 тэрбум ам.долларт хүрч, 62 хувиар нэмэгдсэн бол импорт 2.5 тэрбум ам.доллар болж буурчээ. Гуравдугаар сард нүүрсний экспорт түүхэн дээд түвшинд хүрч, нийт 11.1 сая тонн нүүрсийг 740.4 сая ам.долларын үнээр экспортолсон байна.
Энэхүү өсөлтөд БНХАУ-ын нүүрсний импорт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдлын улмаас БНХАУ нөөцөө бүрдүүлэх зорилгоор худалдан авалтаа эрчимжүүлсэн талаар Монголын нүүрсний ассоциаци-ийн ерөнхийлөгч Б.Бямбадаваа Bloomberg TV Mongolia-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Гэвч цаашид Хятад улс нөөцөө бүрдүүлж дууссаны дараа экспорт буурах эрсдэлтэйг мөн анхааруулжээ. Харин зэсийн экспорт тогтвортой өсөлттэй хэвээр байна. Гуравдугаар сард 230.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 783.5 сая ам.долларын орлого олсон байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурсан ч өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд томоохон банкууд үнийн төсөөллөө бага зэрэг бууруулсан ч төлөвлөсөн хэмжээнээс дээгүүр хэвээр байгааг шинжээчид тэмдэглэжээ. Улмаар 2026 оны эхний улиралд нийт 650.5 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 2.2 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт болж байна.