Төрийн банк тогтвортой хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн онд зах зээлд нэвтрүүлсэн.
Улмаар ногоон орон сууцны санхүүжилтийг өргөжүүлж, иргэдийн байгальд ээлтэй сонголтыг бодитоор дэмжиж, ногоон бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зорилгоор Төрийн банк “Тесо пропертис” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Сүүлийн жилүүдэд Төрийн банк харилцагчдадаа зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх бус төрийн болон хувийн байгууллагуудтай бодлогын түвшинд хамтран ажиллаж харилцагчдадаа байгаль орчинд ээлтэй, урт хугацаанд үр ашигтай сонголт хийхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Санамж бичгийн хүрээнд талууд ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй технологийн шийдлийг дэмжих, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ногоон орон сууц нь эрчим хүчний хэрэглээг бууруулснаар хэрэглэгчийн зардлыг хэмнэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх давуу талтай. Энэхүү түншлэл нь ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, улмаар агаарын бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.