Б.Энхтүвшин: Үнийн зөвлөл АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан

Б.Энхтүвшин: Үнийн зөвлөл АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан

Дэлхийн зах зээл дэх нефтийн хомсдол, нийлүүлэлтийн хүндрэлээс шалтгаалан Монгол Улсад шатахууны үнийг нэмэх зайлшгүй нөхцөл үүссэн талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр эхний ээлжинд зарим түлшний үнийг 300-350 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарсан бөгөөд цаашид литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоолол хийсэн гэдгийг хэлсэн юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Дэлхийн хэмжээд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсэж, 90 гаруй улс орон нөөцийн хязгаарлалт, санхүүжилтийн зохицуулалт зэрэг арга хэмжээ авч байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор манай улс ч шатахууны үнэд өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй үүссэн. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх шатахууны хувьд АИ-92 бензиний үнийг тогтвортой хадгалах ч бусад төрлийн түлшний үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон байна. Үнийн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр эхний ээлжид АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ. Цаашид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцооллын хүрээнд шатахууны нийлүүлэлтийг төрөлжүүлэх гуравдагч орнууд, тэр дундаа БНХАУ-аас импортлох боломжийг судалж эхэлсэн. Мөн ОХУ-ын тал Монгол Улсын шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Хаврын тариалалтын ажлыг дэмжих зорилгоор 10 мянган тонн түлшийг үнийн нэмэгдэлгүйгээр аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр төлөвлөсөн. Мөн Засгийн газраас “Нефтийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэх” УИХ-ын тогтоолын төслийг ойрын хугацаанд УИХ-аар батлагдвал шатахууны үнийг 5 хүртэлх хувиар бууруулах боломжтой" гэлээ. 

ВИДЕО: