Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНХАУ-ын Ардын банк (PBOC)-ны Ерөнхийлөгч Пань Гуншэнтэй хоёр талт албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр улсын Төв банкуудын стратегийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал асуудлуудаар санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрэв. Уулзалтын үеэр талууд дараах гол асуудлуудыг онцлон хэлэлцлээ:
- Своп хэлцлийн үр өгөөж ба гадаад худалдаа: 2011 оноос хойш хэрэгжиж буй үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлэлцээрийн гэрээг сунгах, үр дүнг сайжруулах талаар ярилцлаа. Энэхүү хэлцэл нь зөвхөн хөрвөх чадварыг дэмжих хэрэгсэл төдийгүй, хоёр орны худалдааны эргэлтийг тасралтгүй нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтээр хийгдэх төлбөр тооцоог дэмжих, цаашлаад бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой тул своп хэлцлийн ашиглалтыг Солонгос, Турк зэрэг бусад орнуудтай хэрэгжүүлж буй сайн жишигт нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг санал нэгтэйгээр цохон тэмдэглэлээ.
- Орчин үеийн төлбөр тооцооны шинэчлэл: Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хоёр улсын хооронд хийгдэж буй төлбөр тооцооны системийг уламжлалт хэлбэрээс орчин үеийн дижитал дэд бүтэц рүү шилжүүлэх алсын харааг танилцуулав. Энэ хүрээнд хил дамнасан төлбөр тооцооны өртгийг бууруулж, хурдыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ үеийн технологид суурилсан төлбөр тооцооны системийг сайжруулах, тэр дундаа mBridge зэрэг төслүүдийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар ярилцав.
- Бүс нутгийн санхүүгийн тогтвортой байдал: Дэлхийн эдийн засаг дахь тодорхой бус байдал нэмэгдэж буй өнөө үед бүс нутгийн макро эдийн засгийн бодлогын уялдааг сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр Төв банкууд хамтран ажиллах нь нэн чухал болохыг талууд онцоллоо.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ, "Манай хоёр улсын Төв банкуудын хамтын ажиллагаа нь харилцан итгэлцэл дээр суурилсан бөгөөд бидний өнөөдрийн яриа хэлэлцээ нь цаашдын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бат бэх суурь болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн цохон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд талууд Төв банкуудын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, бодит үр дүнтэй ажлуудыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.