Малчид хаврын улиралд мал туранхай, ноолуураа самнадаг учир мах худалдаалах шаардлага төдийлөн байдаггүй. Үүнээс үүдэн хавар махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгддэг нь бидний хувьд хэвийн үзэгдэл. Гэвч энэ жилийн хувьд махны үнэ сүүлийн таван жилийн хугацаан дах хамгийн өндөр үнэ буюу үхрийн цул мах 30 мянган төгрөг даваад байгаа юм. Тэгвэл бид энэ удаа махны үнэ огцом нэмэгдэхэд юу нөлөөлж байгаа талаар “Хүчит Шонхор” захаас сурвалжилга бэлтгэлээ.
ВИДЕО:
"Isee.mn" сурвалжлах баг 12.00 цагт “Хүчит Шонхор” захын бод малын мах худалдаалах зааланд ороход ихэнх лангууны худалдагч байхгүй, хоосон лангуутай, мах худалдан авч буй хүнгүй ил хуль байв. Харин мах зарж буй худалдагчдын лангуу зарагдаагүй үлдсэн махаар дүүрэн байгаа харагдав.
“Хүчит Шонхор” захын үхрийн махны худалдагч “Үхрийн цул мах 30 мянган төгрөг, ястай мах 27 мянган төгрөрөөр зарагдаж байна. Би зөвхөн үхрийн мах зардаг. Өнөөдөр 400 кг гаруй махтай байсан боловч 2-3 кг мах л зарлаа. Махны үнэ тэнгэрт хадчихсан учир иргэд мах авахад хүнд байх шиг байна. Магадгүй намайг ингэж хэлэхээр өөрөө махны ченж байж гэх байх л даа. Гэхдээ хаврын улиралд махны нийлүүлэлт багасдаг ч энэ жилийнх шиг байдаггүй. Зах зээлийнхээ хуулиар нийлүүлэлт бага байгаа учир бид үнээ нэмэхээс өөр аргагүй. Өнгөрсөн жил “Малчдын зах” гэж нээгдсэнээс болоод малчид өөрөө махаа зардаг болчихсон. Үүнээс болж мах олдохоо байж, үнэ нэмэгдсэн.
Хэдий "Малчдын зах"-д малчид махаа өөрсдөө зарж болох ч махны булчирхай, мөгөөрс зэрэг хаягдал зүйлсүүдийг авдаггүй.
Харин манай зах дээр зарагдаж буй махнууд маш цэвэрхэн байдаг. Бид махны бүх хаягдлыг түүж, ялгаад шууд идэх боломжтой цэвэр мах зардаг. Махны үнэ дахиж битгий өсөөсэй гэж бодож байна. Яагаад гэвэл махны үнэ өсөөд байхаар худалдаачид бид яг л гэм хийсэн хүн шиг санагддаг” гэв.

-ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ МЭДЭЭЛСНЭЭР ӨМНӨ ЖИЛИЙН ГУРАВДУГААР САРТАЙ ХАРЬЦУУЛАХАД ҮХРИЙН ЦУЛ МАХ ДОЛООН МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН-
Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт 21 аймгийн малчид махаа зарж худалдаалах цэгийг өнгөрсөн оны намар байгуулсан байдаг. Тус зах дээр Малчид малын махны тоогоор лангууны түрээсээ төлдөг. Тодруулбал, нэг бог малын мах 10 мянган төгрөг, нэг бод малын махнаас 50 мянган төгрөгийн түрээс авдаг байна.
Тус зах нээгдсэнээс үүдэн малчид өөрсдөө махаа өндөр үнээр борлуулах боломжтой болсон нь сайн хэрэг ч мах худалдаачид мах нөөцлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн. "Намрын улиралд малчид өвс, тэжээл, өвлийн бэлтгэл гэх мэт зүйлүүдээ базаахын тулд махны нийлүүлэлт ихсэж, махны үнэ хамгийн хямд болдог. Харин махны худалдаачдын хувьд энэ үед хямд мах ихээр худалдан авч нөөцөлж, хавар махны нийлүүлэлт багасах үеэр зардаг. Энэ нь махны үнийг хаврын улиралд тогтооход хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг" хэмээн зарим махны худалдаачид ярьсан юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны гуравдугаар сард үхрийн цул махны дундаж үнэ 30 мянга 179 төгрөг байна. Энэ өмнө жилийн гуравдугаар сартай харьцуулахад 7 мянга 647 төгрөгөөр нэмэгджээ. Харин хонины ястай мах дөрвөн мянга орчим төгрөгөөр нэмэгдэж, үхрийн ястай мах зургаан мянган төгрөгөөр нэмэгджээ.

-ЭНЭ ЖИЛ УЛСААС ГАДАГШ ЭКСПОРТЛОХ ХЯЗГААР ТОГТООГООГҮЙ. ҮҮНИЙ УЛМААС ӨНДӨР ҮНЭЭР ХЯТАД МАХНЫ ХУДАЛДААЧИД МАЛЧДААС МАХ АВЧ, ХЯТАД РУУ ГАРГАСАН-
Манай сурвалжлах баг бод малын мах худалдаалах заалнаас гарч, хонины махны үнийг мэдэхээр бог малын мах худалдаалдаг хэсэг рүү явахаар гадагш гарлаа. Захын гадуур мах худалдаж авсан хүн тун ховор харагдав. Хэсэг зогссоны дараа худалдан авсан махаа торонд хийгээд барьчихсан нэг иргэнээс яриа авсан юм. Тэрбээр
“Махны үнэ үнэхээр өндөр байна. Хоёр кг үхрийн цул мах авахад 60 мянган төгрөг боллоо. Гэтэл энэ махаар хэдэн өдөр хоол хийх билээ дээ” хэмээн бидний яриа өндөрлөв.
Бид цааш явж “Хүчит шонхор” захын бог малын махны худалдагчдаас махны үнийн өсөлтөд юу нөлөөлж буйг тодруулахад, “Нэгдүгээрт, малчдын мах худалдаалах зах нөлөөлж байгаа. Хоёрдугаарт, энэ жил махны үнэ өссөн хамгийн гол шалтгаан бол улсаас махыг гадны орнууд руу экспортлох хязгаар тогтоогоогүй. Өмнө жилүүдийн хувьд улсаас хязгаар тавьдаг байсан. Хятадад махны үнэ өндөр учраас хятад ченжүүд өндөр үнээр малчдаас мах худалдан авч урагш гаргасан. Үүнээс үүдэн монгол дахь махны нөөц, нийлүүлэлт багасаж бид зах зээлийнхээ зарчмаар үнээ нэмэхээс аргагүй байдалд хүрсэн. Хятадууд мах өндөр үнээр авч байна гээд бид мах зарахаа больж болохгүй учраас бид ч мөн адил өндөр үнээр малчдаас мах авахаас өөр аргагүйд хүрсэн. Өндөр үнэтэй махыг бид намар нөөцөлж чадаагүй болохоор одоо түүнийхээ горыг амсаад л байж байна даа” хэмээн тайлбарлалаа.
