Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “Дэлхий нийтээр нефтийн нийлүүлэлтийн шок үүссэн, шатахууны хямрал багадаа дөрвөн сар үргэлжлэх төлөвтэй байгаа. Энэ нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй байна. Мөн Ойрх Дорнод дахь мөргөлдөөн цаашид гүнзгийрвэл 2026 он хүртэл үргэлжлэх эдийн засгийн шок үүсч болзошгүй. Дэлхийн зах зээлд шатахууны бодит хомсдол үүсэж, үнийн огцом өсөлт ажиглагдаж байгаа нь Монгол Улсад инфляц нэмэгдэх, импортын үнэ өсөх, шатахуунтай холбоотой бараа бүтээгдэхүүний үнийн дарамт нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой үед шуурхай хариу арга хэмжээ авах зорилготой зөвлөл байгуулсан" гэлээ.
Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, нөхцөл байдалтай холбоотойгоор дараах чиглэлүүдэд онцгой анхаарахыг үүрэг болголоо. Үүнд:
- Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бүрэн хангах
- Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх
- Эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, нийлүүлэлтийг тогтвортой байлгах
- Стратегийн салбаруудын бэлэн байдлыг хангах
- Ковидын цар тахлын үед авч хэрэгжүүлсэнтэй адил онцгой нөхцөлд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон байна.
Түүнчлэн олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэл үүссэн үед төсөв, санхүүгийн бодлогыг уян хатан хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ийнхүү дэлхийн зах зээлд үүсээд буй савлагаа Монгол Улсад шууд болон дам нөлөөлөх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлд шуурхай арга хэмжээ авч эхлээд байна.
Д.Анар