“Улаанбаатар B2B-Санхүү, хөрөнгө оруулалт” чөлөөт бизнес уулзалт болж өндөрлөлөө

“Улаанбаатар B2B-Санхүү, хөрөнгө оруулалт” чөлөөт бизнес уулзалт болж өндөрлөлөө

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Улаанбаатар хотын худалдааны танхимын нэрэмжит “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” долоо хоногийн арга хэмжээны хүрээнд “Улаанбаатар B2B-Санхүү, хөрөнгө оруулалт” чөлөөт бизнес уулзалт, өдөрлөг өнөөдөр /2026.03.20./ зохион байгуулагдлаа. 

Арга хэмжээг нээж Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг хэлсэн үгэндээ Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал нөхцөл болохыг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн энэхүү B2B уулзалт нь хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийг шууд холбож, бодит хамтын ажиллагааны эхлэлийг тавих ач холбогдолтойг дурдав.

Уулзалтын үеэр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Ахлах зөвлөх А.Нинжин танилцуулга хийв. Мөн банк, санхүүгийн байгууллагуудын төлөөллүүд оролцож, тогтвортой санхүүжилт, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн санхүүжилтийн боломжуудын талаар мэдээлэл өгсөн бөгөөд Хаан банк, Голомт банк зэрэг арилжааны банкууд өөрсдийн үйлчилгээ, санхүүжилтийн шийдлүүдийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр ногоон хөрөнгө оруулалтын олон улсын стандарт, боломжийн талаар илтгэл тавигдаж, үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө татах боломжуудыг танилцуулав. Мөн мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл болон үйлдвэрлэл, технологийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан санал солилцож, туршлага хуваалцав.

Арга хэмжээний төгсгөлд оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах B2B чөлөөт уулзалт зохион байгуулагдаж, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай боломжийг бүрдүүллээ. Энэхүү арга хэмжээ нь санхүү, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ төсөл, хөрөнгө оруулалтын боломжуудыг бодитоор холбох арга хэмжээ боллоо.