Зүүн Азийн орнуудад үүсээд буй шатахууны хямрал манай улсад ч нөлөөлж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна

Зүүн Азийн орнуудад үүсээд буй шатахууны хямрал манай улсад ч нөлөөлж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна

Ойрхи Дорнодын бүс нутагт хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн Ирантай холбоотой зөрчилдөөн болон бүс нутгийн цэргийн үйл ажиллагаа нь нефтийн нийлүүлэлт тасалдах эрсдлийг нэмэгдүүлсэн. Үүний улмаас дэлхийн газрын тосны үнэ богино хугацаанд эрчимтэй өсч, хэдхэн хоногийн дотор 110 ам.долларыг даваад байгаа юм.  

Энэ нөхцөл байдал Зүүн Азийн орнуудын эдийн засагт шууд дарамт учруулж байна. Тодруулбал, Зүүн Азийн бүс нутагт шатахууны үнэ өсөхийн зэрэгцээ зарим улсад хомсдол үүсэж, улмаар Засгийн газрууд шатахууны үнийг барихын тулд татвар бууруулах, төсвийн зардлаа танах, стратегийн нөөц ашиглах зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Тухайлбал, Шри Ланкад шатахууны хомсдол үүсч, ажлын долоо хоногийг дөрөв хоног болгон бууруулсан байна. Харин Бангладеш, Пакистан улсад шатахууны үнэ өсөхийн зэрэгцээ цахилгаан тасалж, хэрэглээний хязгаарлалт бий болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар одоогийн нөхцөл байдалд шатахууны үнийн өсөлт бүрэн “шингээгүй” байна. Өөрөөр хэлбэл, бөөний зах зээлд өссөн үнэ удахгүй жижиглэнгийн үнэд бүрэн тусч, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд нөлөөлөх төлөвтэй байна. Хэрэв нийлүүлэлтийн гол гарц болох Ормузын хоолойд саатал үргэлжилбэл шатахууны үнэ илүү огцом өсөж, бүс нутгийн эдийн засагт ноцтой цохилт өгөх эрсдэлтэй.

Монгол улсын хувьд шатахууны хувьд 100 хувь импортоос хамааралтай байдаг. Манай улс сардаа 85-95 мянган тонн АИ-92 хэрэглэж байгаа бөгөөд хэрэгцээт шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас авч байна. Үүний 60 мянган тонныг 2028 он хүртэл ОХУ-аас тогтмол үнээр авах гэрээтэй байгуулсан. Зарим эдийн засагчид ийм гэрээ байгуулсан учраас монголын шатахууны үнэ тогтвортой байна гэж үзэж буй. Харин эдийн засагч Р.Даваадорж News.mn сайтад өгсөн ярилцлагадаа “АНУ болон Израйлийн зүгээс Иран улс руу цохилт өгсөн эхний өдөр Азийн бүх улсуудын хөрөнгийн биржийн хувьцааны үнэ унасан. Европт байгалийн шингэрүүлсэн хийн үнэ анхны өдрөө 30 хувь өссөн зэрэг дэлхийн зах зээл хөдөлгөөнд орж, хариу арга хэмжээгээ авч байна. Гэтэл Монгол Улс шомбойж суучихаад ОХУ-д найдаад суугаад байж болохгүй. ОХУ дайнтай байгаа учраас олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсдөг л юм бол шууд үнээ нэмнэ. Тэгэхээр энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй. Бид хэрэглэгч орон учраас нефть, бордооны үнэ өснө гэдгээ тооцоолох шаардлагатай. Ерөнхийдөө их хүнд жил ирнэ гэж харж байна” хэмээжээ.