Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг нэмэх хуулийн төслийг дэмжлээ

Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг нэмэх хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэв. Тухайлбал, Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай наймдугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүнтэй холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн “Ромын дүрэмд нэгдчихсэн учраас үүнийг Монгол Улсын хууль тогтоомж болчихлоо гэж үзэж болж байгаа юм уу. Манай шүүгч нар Ромын дүрмийг Эрүүгийн хуульд шууд тусгаж хэрэглэж чадахгүй. Гэмт хэрэг гарвал хэрхэн зохицуулахыг нь Эрүүгийн хуульд тусгасан байх ёстой. Түүнчлэн Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг олон улсын байгууллагууд хэлэлцэж, гаргасан дүгнэлт, шийдвэрийг нэгтгэх үүргийг Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт шилжүүлэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэхэд Х.Нямбаатар гишүүн “Энэ саналыг дахин ярилцаад, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилт, үүнийг үндэсний хууль тогтоомжуудад хэрхэн тусгасныг ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газартай хамтарч шалгах ажлын хэсэг байгуулж болно. Хоёрдугаарт, манай улс энэ конвенцод нэгдэж орсноор нэр томьёог нь засаж, сайжруулах үүрэг хүлээж байгаа юм” гэв.

Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт тавьж, үг хэлсний дараа санал, дүгнэлтээ нэгтгэн, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

Дараа нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ш.Раднаасэд гишүүн “Орон нутгийн архивын байгууллагууд бичиг баримтаа хэрхэн хадгалж буйд анхаарахгүй бол хүнд нөхцөлд байна. Тэтгэвэрт гарах гэхээр ажилд томилсон тушаал нь олддоггүй зэрэг асуудал их бий” гэв. Харин Х.Нямбаатар гишүүн “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг хэзээ эхлэх вэ. Бэлтгэл ажил нь ямар шатандаа байна вэ. Байгууллагуудын хэдэн хувь нь сан хөмрөгөө бүрдүүлж, хуулиа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү” гэхэд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар “Улсын үзлэгийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Хамгийн сүүлд 2019 онд үзлэг хийсэн учраас 2023 онд дахин зохион байгуулна” гэж хариуллаа. Гишүүд асуулт тавьж, үг хэлж дууссан тул санал хураалт явуулан дүгнэлтээ чуулганы хуралдаанд танилцуулах болов.

Түүнчлэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-т “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн, энэ сарын 15-ны дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Л.Мөнхбаатар гишүүн оролцсон байна. Түүнээс асуух зүйл байхгүй хэмээн гишүүд үзсэнээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дууслаа.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүний өргөн мэдүүлсэн Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Асуулт тавих гишүүн байгаагүй учраас санал дүгнэлтээ нэгтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боллоо. Үүнээс гадна Н.Цэрэнбат гишүүний өргөн барьсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулав. Шийдвэрлэх шаардлагатай асуудал, маргаан дагуулсан заалт хуулийн төсөлд бий учраас ажлын хэсэг байгуулах шаардлагатайг тус байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн санууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхон мөн өчигдөр хуралдаж, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Үүнд байгалийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий есөн байршлыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Газрын кадастрын зураглалд 5-6 гол тэмдэглээгүйг хэрхэн шийдэх талаар гишүүд асуусан юм.

“Төрийн байгууллагуудын мэдээлэл уялдаагүй, хийх ёстой судалгаагаа цагт нь амжуулдаггүй, гол, нууруудыг бүртгэлжүүлэх, хамгаалах чиглэлд хангалттай хөрөнгө төсөвлөөгүйн горыг өдгөө амсаж байгаа юм” гэж БОАЖ-ын сайд хариулав. Хөрөнгөгүйн улмаас хэд хэдэн голыг газрын зурагт тэмдэглээгүй байсныг засаж, тухайн газрыг тусгай хамгаалалтад авахаар хуулийн төсөлд тусгаснаа тэрбээр онцолсон. Улсын тусгай хамгаалалтад нийт газар нутгийн 30 хүртэлх хувийг авахаар төлөвлөснөөс 20.1 хувийг нь авчээ. Мөн Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Ноён уул орчмын газрыг өргөтгөж, ангилал ахиулан тусгай хамгаалалтад авах агуулга бүхий Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг Н.Цэрэнбат сайд боловсруулжээ. Үүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дахь Ноён уул орчмын дурсгалт газрыг багтаасан байна. Үүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.