Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “The Seoul Hotel”-ын дэргэдэх орон сууцны оршин суугчид байрныхаа дээвэр дээвэрт хогоо хаяж байгаа бичлэг цахим орчинд тархаж, иргэдийн дургүйцлыг ихээхэн хүргээд байна.
Нэг барилгад олон айл зэрэгцэн амьдардаг учраас нийтийн орон зайг хамгаалах, орчны цэвэр байдлыг хангах нь бүх оршин суугчдын хариуцлага. Гэвч зарим иргэд орц, лифт, подволь, дээвэр зэрэг нийтийн эзэмшлийн хэсгийг хайр гамгүй ашиглаж, хогоо ил задгай хаях, тамхи татах, бие засах явдал цөөнгүй гарсаар байна. Аливаа барилгын дээвэр нь техникийн зориулалттай хэсэг бөгөөд хог хаягдал хуримтлагдах нь зөвхөн орчны бохирдол үүсгэхээс гадна галын аюул, барилгын эвдрэл, эрүүл ахуйн эрсдэлийг ч нэмэгдүүх магадлалтай ажээ. Тус орон сууцны гадна бид очиход хогийн цэг нь 100 метр хүрэхгүй зайд байсан юм. Ийм ойрхон байсаар байхад зарим иргэд хогоо гаргаад хаячих ухамсаргүй байгаа нь анхаарал татна.
ВИДЕО:
-НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ОРОН ЗАЙД ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХ НЬ ИРГЭН БҮРИЙН ҮҮРЭГ-
Албан ёсны мэдээллээр Улаанбаатар хот жилд 1.4 сая гаруй тонн хатуу хог хаягдал гаргадаг бөгөөд үүний дийлэнх хэсгийг ахуйн хог эзэлдэг аж. Хүн амын өсөлт, хотжилт нэмэгдэхийн хэрээр энэ хэмжээ цаашид ч өсөх төлөвтэй. Гэвч хог хаягдлын менежмент, дахин боловсруулах тогтолцоо, иргэдийн орчны соёл зэрэг асуудал түүнтэй зэрэгцэн хөгжиж чадахгүй байгаа нь хүндрэл үүсгээд буй.
Мөн үүнтэй зэрэгцэн орон сууцны ашиглалт, үйлчилгээтэй холбоотой нэг асуудал байнга яригддаг. Энэ бол Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-ийн үйл ажиллагаа. Орон сууцанд амьдарч буй айл өрхүүд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж байж орц, шат, лифт, гаднах талбайн цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах боломж бүрддэг.
Гэвч зарим оршин суугчид энэ төлбөрийг төлөхөөс зайлсхийх, эсвэл ач холбогдлыг нь төдийлөн ойлгохгүй байх тохиолдол бий. Орон сууцны орчны цэвэрлэгээ, засвар үйлчилгээний зардал бүх оршин суугчдын төлсөн мөнгөнөөс бүрддэг. Хэрэв төлбөр тогтмол бүрдэхгүй бол орчны үйлчилгээ доголдох, барилгын ашиглалт муудах нөхцөл үүснэ. Энэ нь эцэстээ тухайн байранд амьдарч буй бүх айлын амьдрах орчинд сөргөөр нөлөөлж болно.

Сүүлийн арван жилд Улаанбаатар хотын орон сууцжуулалт эрчимтэй нэмэгдэж, гэр хорооллын олон мянган айл орон сууцанд нүүж орсон. Утаа, хөрсний бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд энэ нь зайлшгүй хэрэгжих алхмуудын нэг. Гэвч амьдрах орчин өөрчлөгдөхөд амьдралын хэвшил, нийтийн орон зайд хандах хандлага дагаж өөрчлөгдөхгүй бол орон сууцжуулалтын үр дүн төдийлөн мэдрэгдэхгүй. Тиймээс орон сууцанд амьдрах соёлын гол зарчимуудын нэг бол нийтийн эзэмшдийн орон зайд хариуцлагатай хандах гэдгийг иргэн бүр ухамсарлах нь зүйтэй. Гэвч бодит байдал дээр энэ ойлголт төдийлөн төлөвшөөгүй хэвээр байна.