Өчигдөр /2025.03.16/ УИХ-ын хаврын чуулганыг нээж, нээлтийн дараа хэд, хэдэн уулзалт Төрийн ордонд болов. Ерөөс энэ хаврын улс төр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэнчлэн халуухан болох нь чуулганы эхний өдрөөс тодорхой байна.
-МАН-ЫН ДАРГА НАРЫН УУЛЗАЛТАД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОРОЛЦООГҮЙ ГЭВ-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулганы нээлтэд хэлсэн үг, Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр сайдын чөлөөлөгдөх хүсэлт, АН-ын бүлгийн мэдэгдэл гээд өрнөж буй бүхий л үйл явдлаас дүгнэхэд цаашид Засгийн газар хэрхэх, Ерөнхийлөгчийн хууль дэмжихгдэх эсэх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дараагийн үйлдэл, мөн хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах асуудлыг парламентаар хэлэлцэх зэрэг хумигдаж өгөхгүй олон зүйлийн эхлэл уншигдаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцож, эргүүлэн татах агуулгатай хуулийн төслийг МАН, АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцээгүй. Учир нь энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлаагүй бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр орой эл асуудлаар хуралджээ. Харин үүний өмнө УИХ-ын дарга Н.Учралын өрөөнд Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нарын хүмүүс уулзсан.
Эл уулзалт руу орж буй албан тушаалтнуудын бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан бөгөөд тэдний дунд Л.Оюун-Эрдэнэ байсан нь анхаарал татсан. Тэгвэл тэрбээр уг уулзалтад оролцоогүй бөгөөд хамгаалалтын хамт УИХ-ын даргын өрөөний үүдээр дамжин нэг давхар руу бууж гадагш гарахдаа ийнхүү бичлэгт өртжээ.
-ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГААД КАБЕНИТАА ХАМГААЛ ГЭСЭН БАЙНА -
Харин цаад өрөөнд болсон уулзалтаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарын өргөдлийг хэрхэн шийдвэрлэх, дэд сайд нарыг чөлөөлөхийг шаардсан АН-ын бүлгийн шаардлагын талаар ярилцжээ. Намрын чуулган хаахтай зэрэгцэн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулах санаачилгыг гаргаж, өчигдрийн байдлаар 36 гишүүн нарын үсэг зурсан гэдгийг мэдэгдсэн. Шаардлага тавих гол шалтгаан нь дэд сайдыг томилсонтой холбоотой. Түүнтэй зэрэгцэн тус бүлгийн гишүүн Ө.Шижир, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зэрэг хариуцлагагүй ажилласан сайд нартаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардсан. Эдгээр болон намын дотоод зөрчил нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулж мэдэх учир тэрбээр "галаас хамгаалж" хоёроос гурван сайддаа хариуцлага тооцох талаар эртнээс төлөвлөж байсан.
Үүнийг мэдэж Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нар урьдаж өргөдлөө өгсөн ч Ерөнхий сайд захирамжлах эсэх нь эл уулзалтын дараа тодорхойгүй болжээ.
Мөн Ерөнхий сайд АН-ын шаардлагын дараа чиг үүргийн 4-6 яамны дэд сайдыг авч үлдээд бусдыг нь чөлөөлөхөөр төлөвлөсөн ч мөн л тодорхойгүй байдалд оржээ.
Учир нь өчигдрийн уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар дээрхээр асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа хэлэхэд, УИХ-ын дарга Н.Учрал хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж, хоёр сайд сугалаад ямар ч үр дүнгүй дараа нь дахиад л давтагдана түүний оронд Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, Ерөнхий сайд кабенитаа хамгаалаад үлд гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Хэрвээ дээрх хоёр сайдыг чөлөөлвөл ХҮН нам салбараа өөрчилж Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Харин УИХ-ын дарга боловсон хүчингүй ХҮН намаас Эрчим хүчний сайд томилох ч боломжгүй гэжээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилох талаар ярихад багш нар дургүй гэдэг өнцгийг ч мөн хавчуулсан гэх. Мөн АН-ын тавьсан шаардлагын дагуу дэд сайд нарыг огцруулах шаардлагагүй. Дараа нь АН ялаад О.Цогтгэрэл дарга болоход дэд сайдгүйн зовлонг мэдрэх болно зэргээр ярилцжээ. Дэд сайд нь МАН, АН алинд ч хэрэгтэй бөгөөд дэд сайд нарын асуудлаар намын Удирдах зөвлөл шийдвэр гаргасан. Тиймээс чөлөөлөхдөө тулбал намын Удирдах зөвлөлөө хуралдуулж шийдвэрлэе гэсэн байна.
Тиймээс дээрх хоёр асуудлаар эцсийн шийдвэрийг гаргаагүй тарав. Үүнтэй холбоотойгоор улс төрийн шийдвэр нь гартал Ерөнхий сайд захирамж ч гаргахгүй, алийг нь ч шийдэхгүй нь. Мөн Н.Учрал Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдвөл 68 гишүүн байна, тэдэндээ итгэж хамгаалалт хийж болно. Эсрэг кноп дарсанд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байж болно зэргээр зөвлөлджээ. Хамгийн ноцтой нь АН-ын шаардлагаар хөдөлж байж Засгийн газрыг унагах, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг улс төрд эргэн авчрах "Женкогийн тоглоом"-нд орох эрсдэлтэйг тооцож ярилцсан байна.