Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг гэх С-тай хамт дөрвөн хүүхдийг яллагдагчаар татсан бөгөөд тэд 2 жилийн хорих ял сонсож магадгүй байна

Үе тэнгийнхнээ зодож, бичлэг хийдэг гэх С-тай хамт дөрвөн хүүхдийг яллагдагчаар татсан бөгөөд тэд 2 жилийн хорих ял сонсож магадгүй байна

Өсвөр насны охид нэгнээ зодож, биед нь халдаж буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд нийтлэгдэж, улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Д.С гэх өсвөр насны охиныг яллагдагчаар татан, Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.

Тодруулбал,  Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлж, энэ дагуу Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзах аливаа хэлбэрээр харилцахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл өсвөр насны яллагдагч Д.С-гийн гэмт хэргийн үйлдэлтэй холбогдуулж өсвөр насны дөрвөн хүүхдэд мөн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "тэднийг гурван үйлдэлд холбогдуулан зорчих эрхийг хязгаарлахаас хоёр жил хүртэл хугацаагаар цагдан хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ." Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.5 зүйл буюу "Заналхийлэх", Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл буюу "Хувь хүний нууцыг задруулах" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдоод байгаа өсвөр насны хүүхдүүд шүүх эмнэлэгт хандсан байгаа бөгөөд тэдний гэмтлийн зэрэг хэрхэн тогтоогдохоос шалтгаалан дээрх нэр бүхий өсвөр насны хүүхдүүдийг шалгаж буй хэргийн зүйлчлэл нэмэгдэх ажээ. 

Мөн тухайн хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр хүүхдийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж байгаа гэх мэдээлэл байна. 

Түүнчлэн бусдын биед халдаж, заналхийлж, хувь хүний нууцыг задруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа өсвөр насны яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд,  дээрх хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүд нь бусдын биед халдаж буй үйлдлээ бичлэг болгон авч, улмаар цахим орчин дахь хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор цахим сүлжээнд байршуулж, заналхийлдэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна. 

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл /Заналхийлэх/-ийн 2-д Энэ гэмт хэргийг 2.1-д бүлэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.  Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл /Хувь хүний нууцыг задруулах/-ийн 2.1-д харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө