Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

Монгол Улсын нүүрсний экспорт 2026 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс өсөлттэй гарлаа. Ялангуяа нэгдүгээр сард экспортын хэмжээ 73 хувиар нэмэгдэж, өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс гадаад зах зээлд нийлүүлжээ.

Нэгдүгээр сард нийт 10 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.8 сая тоннтой харьцуулахад 73 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэ хугацаанд өдөрт дунджаар 326 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Харин хоёрдугаар сард нийт 6.4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 5.7 сая тоннтой харьцуулахад 11 хувиар өссөн байна. Тухайн сард Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхцсан, мөн сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан ч баярын өдрүүдийг эс тооцвол өдөрт дунджаар 320 мянган тонн нүүрс экспортолсон байна.

Түүнчлэн энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийн 1.3 сая тоннтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлт болжээ. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 330 мянган тонн нүүрс экспортод гаргаж байгаа аж. Ийнхүү оны эхний саруудад нүүрсний экспортын хэмжээ өмнөх оноос нэмэгдэж, өдөрт экспортод гарч буй нүүрсний дундаж хэмжээ тогтвортой түвшинд хадгалагдаж, салбарын үйл ажиллагаа жигд үргэлжилж байна.