“Уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролд нэвтрүүлэх асуудлыг судлан эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулах” ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Тус ажлын хэсгийг ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 2026 оны гуравдугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын сайдын тушаалаар байгуулсан юм. Тодруулбал, Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан хөгжүүлэх, улмаар иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас уламжлалт анагаах ухааны суурь ойлголт, мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар тусгах боломжийг судлах, холбогдох санал боловсруулах зорилгоор ажлын хэсэг ажиллах юм. Ажлын хэсгийн анхны хуралдаанаар уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлж, зохион байгуулах талаар хэлэлцжээ.