Ажлаа өгөхөөр тохирсон гэх Д.Гэрэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар дахин хамгаалж үлдээх үү

Ажлаа өгөхөөр тохирсон гэх Д.Гэрэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар дахин хамгаалж үлдээх үү

Алтны нууц уурхай, Богд уулан дахь 1.79 га газар гэх мэдээллийг анх олон нийтэд мэдээлсэн сэтгүүлчийг шүүхэд өгсөн Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байна.

-ТЕГ-ЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГЭРЭЛИЙГ АЛБАН
ТУШААЛААС БУУЛГАЛГҮЙ ӨДИЙ ХҮРТЭЛ ЧИРЖ 
ИРСЭН УЛС ТӨРЧ ХЭН БЭ-

Д.Гэрэлийн гомдлоор шүүхэд дуудагдсан Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь түүнтэй холбоотой гэх мэдээллийг олонд түгээснийхээ  дараа холбогдох баримтыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн ч гардан авсан цагдаагийн ажилтан нь өдгөө “би баримтыг чинь аваагүй” гэснээс болж маргаан үүссэн гэж буй.

Үүнтэй холбоотойгоор Д.Гэрэлийг цагдаа хүчнийхэнд нөлөөлж сэтгүүлчийг дарамтлуулж байна уу гэх хардлага, талцал нийгэмд үүсээд байгаа юм.

Ямартай ч дээрх маргаан таслагдаж, аль нэг талд нь шүүхийн шийдвэр гарах нь тодорхой. ТЕГ-ын Д.Гэрэлийн хувь Монгол төрийн бүхий л өндөр, дээд албан тушаалд томилогдон ажиллаж байсан намтартай. Тэгвэл түүнийг өдий насанд нь даргын суудлаас “буулгалгүй” чирч ирсэн улс төрч хэн бэ гэдэг мэдээллийг бид бэлтгэн хүргэж байна.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ НЬ

ТЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нь энэ жил 68 настай. Төрийн албанд 45 жил тасралтгүй ажиллахдаа хуулийн байгууллагад 22 жил, Гадаад харилцааны салбарт 23 жил ажиллажээ. 2007 он хүртэл гадаад харилцааны салбарт зөвлөх, атташе зэрэг албан тушаалыг хашиж байсан бол 2008 онд гэнэт хэдэн шат ахиж Монгол улсаас БНСУ-д суух онц бүрэн эрхт элчин сайдаар томилогдож байжээ.

Түүнийг энэ албан тушаалд томилоход томоохон түлхэц үзүүлсэн хүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарыг гэгддэг. 2008 онд Г.Занданшатар нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.  Үүний дараа 2009 онд Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж энэ хугацаандаа Д.Гэрэлд дэмжлэг үзүүлж байсан гэх мэдээлэл бий. 2012 оны сонгуулийн үр дүнгээр нам нь ялагдал хүлээснээр Г.Занданшатар АНУ-д ажиллахаар мордож, Д.Гэрэл ТЕГ-т түр ажиллаад бууж байсан.

Ингээд 2016 оны сонгуулийн үр дүнд МАН дахин ялалт байгуулснаар Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаас УИХ-ын дарга хүртэл дэвшиж Д.Гэрэлийгээ мөн Тагнуулын ерөнхий газарт зүтгүүлж, Бригадын генерал гэх цолыг хүртэл өгүүлсэн гэдэг.

Тэднийг хувийн болоод улс төрийн олон асуудлаар холбогдсон гэх яриа ч улс төрийн хүрээнд байдаг. Тэр бүү хэл Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөх бүрт УИХ-ын дарга Г.Занданшатар хамгаалдаг гэх мэдээлэл байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сард Д.Гэрэлийг ТЕГ-ын албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдахад тэрбээр “дөрөвдүгээр сард өгье гэж дуугарсан” гэх мэдээлэл байсан. Хэлсэн ёсоороо ажлаа хүлээлгэн өгье гэхэд мөн л УИХ-ын дарга Г.Занданшатар өгүүлэхгүй хэмээн мэдэгдсэн сурагтай. Ямартай ч Д.Гэрэл даргын хэлсэн дөрөвдүгээр сар дуусахад хэдхэн хоног үлдээд байна.