Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, банкны салбар 19 хувийн зээлийн өсөлттэй гарчээ

Өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, банкны салбар 19 хувийн зээлийн өсөлттэй гарчээ

“Банкны салбарын тойм 2025” судалгааны үр дүн болон макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.03.03/ мэдээлэл хийлээ. Уг судалгаанаас харахад өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувиар өсөж, банкны салбар 19 хувийн зээлийн өсөлттэй гарчээ.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Анар “Өнгөрсөн жилийн хугацаанд  банкны салбар эдийн засгийг дэмжсэн, бизнесийн зээлийн өсөлттэй гарсан байгаа. Түүн дундаас хөдөө аж ахуйн салбаруудад олгосон зээл маш өндөр хувьтай байна. Харин бодлогын зохицуулалтын арга хэмжээ авагдсанаар иргэдэд олгосон зээлийн өсөлт хязгаарлагдсан. Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн. Үүнд Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт чухал нөлөө үзүүллээ. Төсвийн хувьд өнгөрсөн жилийн эцсээр төсөвт тодотгол хийснээр төсвийн үндсэн тэнцэл эерэг гархад чухал нөлөө үзүүлсэн. Мөн ДНБ-д эзэлж байгаа төсвийн зарлага 3 хувиар буурсан бодитой эерэг үр дүн гарсан байна. Үүний нөлөөгөөр энэ оны төгсгөлд  бодлогын хүү буурах зэрэг эдийн засгийн таатай макро орчин бүрдэх боломж гарна гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Хэрвээ 2026 онд үргэлжлээд төсвийн сахилга баттай явбал оны сүүлийн хагасаас зээлийн хүү буурах боломж үүснэ. Харин олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Ялангуяа сая Ферсийн буланд өрнөж байгаа үйл явдлаас ажиглавал бинзен шатхууны үнэ өсөх үүнийг дагаад ОХУ-аас орж ирэх хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж импортын имфляци нэмэгдэх хүлээлттэй байгааг сануулж хэлэх нь зүйтэй байх” гэлээ.

Банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарам “Оны эхэнд уул уурхайн салбар нүүрсний үнийн уналтаас шалтгаалаад нэлээд уналттай байсан бол хагас жилээс эхлээд экспортын тоо хэмжээ болон нүүрсний үнэ аажмаар өсөж байгаа нь уул уурхайн салбарын сэргэлтэд эерэгээг нөлөөлсөн. Авто машины импорт болон, уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт буурсан нь импортын хэмжээ буурахад нөлөөллөө. Гадаад худалдааны тэнцэл өмнөх онтой харьцуулахад 6.7 хувиар өссөн байгаа нь харагдаж байна. Өр төлбөрийн тэнцэл талдаа нэг тэрбум долларын  ашигтай гарсан. Харин төсвийн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан хэдий ч бодит зургаар нь хараад үзвэл тодотгол хийсэнтэй холбоотойгоор урсгал зардлыг бууруулсан. Мөн тэвчиж болох зардлуудаа тэвчиж чадсанаар төсвийн алдагдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлсэн” гэв.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч О. Хүрэлбаатар “2021 оны нэг сард банкны хуульд өөрчлөлт орсон. Үүнд зааснаар банкны нэг хувьцаа эзэмшигчийн хувьцааны төвлөрөлтийг 20 хувиар хязгаарласан байгаа. Энэ хууль хоёр талтай. Уг хуульд хаврын чуулганаар өөрчлөлт оруулах төвөлтэй байна. Мөн гадаадын  хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны тухай хууль 2023 оны тавдугаар сарын нэгэнд батлагдсан байдаг хэдий ч хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг нь асуудалтай байна” гэлээ. Түүнчлэн банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ 17 хувьтай байгаа нь төв банкны тогтоосон 12 хувийн доод шаардлагаас давсан үзүүлэлт бөгөөд энэ нь зээл олголтыг нэмэгдүүлэх боломжтойг ч дурдаж байлаа.

Б.Ану