Японы мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ шавьдаа хүч хэрэглэсэн асуудлаар Японы Сүмо холбоонд тайлбар өгч, уучлал хүсжээ.
Тодруулбал, тэрбээр Макүүчи зиндааны бөх Хакүнофүжид гар хүрсэн үйлдэл гаргасан бөгөөд уг явдлын дараа өөрөө холбоонд мэдэгдэх ёстой гэж үзэн холбогдох хүмүүстэй хамт очиж мэдүүлэг өгсөн байна. Банзүкэ буюу чансаа зарласан өдөр Токио дахь Рёогокү Кокүгикан ордонд очиж гурвуулаа тайлбар өгчээ. Г.Ган-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хариуцлагагүй үйлдэл гаргасан. Бүх үнэнийг холбоонд хэлсэн, одоо шийдвэрийг нь хүлээж байна. Холбооноос албан ёсны шийдвэр гартал хүлээх нь зүйтэй” хэмээжээ. Мөн дэвжээнийхээ шавь нарт уг асуудлыг танилцуулж, уучлал хүссэн гэдгээ тайлбарласан байна.
Харин Осака дахь бэлтгэлд оролцоогүй байгаа Хакүнофүжигийн тухайд энэ хэрэгтэй холбоогүй, өмнөх башёгийн үеэр авсан зүүн хөлний гэмтлээ эмчлүүлж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд дэвжээндээ эргэн ирэх аж.