Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тангараг өргөсөн төрийн сайдын хувьд ирж буй дайралт, худал мэдээллийг өдий хүртэл хат зааж, чимээгүй өнгөрөөж ирсэн. Өнгөрсөн хугацаанд гэр бүл, удам судар, амьдралд хөл тавьж байгаа охины минь нэр хүндэд хүртэл халдлаа. Өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд Ерөнхийлөгчтэй хамт Хөвсгөл аймагт ажиллаж байх үед үр хүүхэд, хань ижил рүү маань дайрсан. Улмаар уг асуудлыг шалгуулахаар шүүхэд хандсан. Улс төрийн намууд, улс төрчдийн дунд эвдэрэлцэл, хэмхэлцэл, улс төр зэрэг байсаар ирсэн. Гэсэн ч энэ хэмжээний гүтгэлэг байгаагүй.
Тэгвэл энэ асуудал яагаад энэ хэмжээнд хүрсэн шалтгааныг тайлбарлая. Улс төрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагуудын угсарсан мафийн сүлжээ сүүлийн хэдэн жилд ажиллаагүйгээрээ ажиллаж байна. Энэ хууль бус бүлэглэл улс төр, улс орон, хууль сахиулах, төрийн цэргийн байгууллагыг татан оролцуулж, улс орныг үгүй хийх хэмжээнд хүрлээ. Хамгийн сүүлд гэхэд нарийн зохион байгуулалттай, эртнээс төлөвлөсөн, зохион байгуулалттай зүйл өрнөлөө. Өчигдөр гэхэд ШШГЕГ буюу төрийн цэргийн байгууллага, тусгай цэргийн байгууллага. Тэр дундаа Төрийн албаны тухай, Цэргийн албаны тухай, Төрийн тусгай чиг үүргийн байгууллагын тухай хуулиар мөрдөстэй алба хаагчид улс төрөөс ангид байх ёстой. Харамсалтай нь тэд амиа тавьж байна. Энэ бол төрийн нэрээр амь гарах гэж байгаа этгээдүүдийн үйлдэл.
Миний хувьд ХЗДХ-ийн сайдын албан тушаалыг аваад маш тодорхой шаардлага тавьсан. Монгол Улсад хууль зүйн нэгдсэн бодлого барих ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар дотоод хэрэг, аюулгүй байдалд онцгой анхаарсан. Монгол Улсын хар хайрцгийн бодлогыг гадаад, дотоодоос тогшиж байна. Иймд хууль бус байдлыг тэвчихгүй. Тодруулбал, авлига, хар тамхи, хээл хахууль зэргийг тэвчихгүй. Цагдаа, шүүхийн шийдвэрийнхэн өөрсдийн бузар булхайг ил тод болохоос айж байна.
Тухайлбал, ШШГЕГ-ын дарга Э.Бямбажав ТЕГ-ын мөрдөгчөөр ажиллаж байхдаа С.Зоригийн хэрэгт ял шийтгүүлж байсан. Мөн ШШГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Цогжаргал нь гадаадын иргэнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, залилан мэхэлсэн нэгэн. ШШГЕГ-ын Тамгын дарга Б.Нямгомбо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Тэр дундаа “Олон овоот” алтны ордыг дээрэмдэх, хууль бусаар авах 123 тэрбумын авлигалд оролцсон. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд гэх этгээдэд итгэж, цолоо авахыг дэмжиж байлаа. Харамсалтай нь хоригдлуудыг аваачиж, өөрийн байр, орон сууцаа бариулах, төсвийн хөрөнгөөр өөртөө 40 сая төгрөг, 20 гаруй хүнд 408 сая төгрөг авсан байна. Албан хаагч нар нь өргөдөл гаргасан. Өөртөө үнэгүй нэг байр Зайсанд авсан. Мөн асар хямд үнээр нэг байр авсан. Нөгөө талд албан хаагч нар орон гэргүй амьдарч байна. Энэ мэт маш олон гомдол бий. Хамгийн ноцтой нь хууль бусаар тагнах, чагнах ажиллагаа явуулдаг. ШШГЕГ-ын дэргэд хууль бус тагнуулын газар бий болсон. Үүнийг би таслан зогсоо хэмээн мэдэгдсэн.
Мөн нөгөө талд ШШГЕГ-ын харьяа гантиг чулууны орд, нүүрсний орд байдаг. Үүнийг Ерөнхий сайд асан Г.Занданшатар А.Намсамандтай нийлж, хууль бусаар ашигласан. Үүнийг дэмжиж өгөөч хэмээн А.Намсаманд хоёр ч удаа миний өрөөнд орж ирсэн. Яагаад өнөөдөр С.Амарсайхан руу дайрах болов гэдэг шалтгаан энэ. Хуулийн нэр барьж хахууль авч, дарамталдаг, дээрэлхдэг асуудлууд үүний шалтгаан. Цагдаагийн алба хаагчдын орон тоо буурсан. Тэдний ачаалал маш их. Гэтэл өнгөрсөн онд 777 цагдаагийн алба хаагчийг халж, 13 дахь сарын цалин буюу 7.9 тэрбум төгрөгийг Б.Энхбаяр, А.Намсамандтай нийлж, хууль бусаар авсан.
Хууль бус алтны гэмт хэрэг бас байна. Би өнгөрсөн долдугаар сарын 8-ны өдөр шуурхай хуралдаан хийсэн. Хууль бус алтны олборлолт буюу Сэлэнгэ, Баянхонгор, Хэнтий зэрэг аймагт хууль бусаар алт олборлож байгаа гэмт хэрэгт цагдаа, хуулийнхан орооцолдсон хүмүүсийг таслан зогсоо гэсэн.
Намайг сайдын албан тушаалаа авах үед ЦЕГ-ын Экологийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Б.Оюутболд томилогдсон. Г.Занданшатар Ерөнхий сайдын тушаалаар гэсэн үг. Алтны уул, уурхай, асар их сүлжээтэй, улс төрчидтэй ойрхон, улс төрчдийг санхүүжүүлдэг нэгэн. Уулын аман дээр цагдаа зогсоож байгаад алт ухдаг. 500 тэрбум төгрөгийн хууль бус алт олборлолт, 300 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй, 5 тэрбумын хахууль өгсөн. Манай цагдаа нарыг хүртэл хахуульдах гэж оролдож байна. Үүний ард Б.Оюутболд, Г.Занданшатар, ЦЕГ-ын удирдлага, ШШГЕГ-ын удирдлагууд бүгд бий" гэлээ.