Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 300 сая ам.долларын санхүүжилт амжилттай босголоо

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь Бөөрөлжүүтийн талд дөрвөн блок бүхий 600 МВт-ын цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байгаа билээ.

Эхний хоёр блок бүрэн ашиглалтад орж, 300 МВт буюу 800 мянга гаруй айл өрхийн хэрэглээтэй дүйх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Тэгвэл төслийн санхүүжилтийн хүрээнд “Цэцэнс Майнинг энд Энержи” компани анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргажээ. Энэхүү бонд нь Монгол Улсын эрчим хүчний салбарт олон улсын бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн анхны санхүүжилт болж буйгаараа онцлог.

Тус үнэт цаасыг Сингапурын Хөрөнгийн бирж дээр бүртгүүлж, “Бодь Интернэшнл” ХХК-ийн баталгаатайгаар 5 жилийн хугацаатай, жилийн 11.375 хувийн хүүтэй гаргасан юм байна.

Бондын захиалгад олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банк, сангууд болон бусад стратегийн хөрөнгө оруулагчид идэвхитэй оролцсон нь төслийн чухал ач холбогдол, санхүүгийн тогтвортой байдалд үзүүлж буй итгэлийн илэрхийлэл боллоо гэж ажиглагчид үзэж байна. Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, өмнөх санхүүжилтийн бүтцийг дахин санхүүжүүлэх, төслийн цаашдын хөгжлийг хангахад зарцуулна гэдгээ “Цэцэнс Майнинг энд Энержи” компанийнхан илэрхийлсэн.

Тус станц нь төвийн эрчим хүчний системд суурь ачааллын эх үүсвэрийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаар ажиллах үедээ Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 30 хүртэлх хувийг хангах боломжтой. Ингэснээр Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах, импортын эрчим хүчний хамаарлыг бууруулах, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.