Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 1072 хувьцааны ногдол ашиг тараах болон бусад асуудлаар танилцуулга хийв. Энэ үеэр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу мэдээлэл хийлээ.
Тэрээр “Сүүлийн зургаан жилийн дунджаар 2025 оны тав, зургаадугаар сард нүүрсний үнэ хамгийн доод үнэдээ хүрч БНХАУ-ын Ганц мод боомт дээр нэг тонн нүүрсний үнэ 700 юань болж ирсэн. Үүнтэй холбоотойгоор эхний хагас жилд борлуулалт, экспорт, биржийн ажиллагаа гэсэн маш олон үйл ажиллагаанд тасалдал үүсч борлуулалтын орлого буурах нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч долдугаар сараас хойш нүүрсний үнэ тодорхой хэмжээнд нэмэгдлээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогууд, салбар хоорондын уялдаа холбоог хангах хүрээнд салбар хооронд онцгой дэглэм тогтоож, хил гааль бүх л үйл ажиллагааны уялдаа холбоог сайжрууллаа. Борлуулалт, экспорт, тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх ажлыг өнгөрсөн долоон сарын хугацаанд хийж гүйцэтгэсээр ирлээ. Үүний үр дүнд 2025 оны арванхоёрдугаар сард анх удаа нэг сард 4 саяас дээш тонн нүүрс экспортолж улсын төсөвт 1,6 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна. Мөн хуримтлалын санд 375 сая төгрөгийг 2025 онд хуримтлуулсан. Мөн тодорхой хэсгийг нь ипотекийн зээлийн эх үүсвэр болгоод явж байгаа. ЭТТ ХК Баялгийн сангийн хууль гарч хэрэгжсэнээс хойш 595 тэрбум төгрөгийг хуримтлалын санд төвлөрүүлэн ажиллаж байна. Сүүлийн хагас жилд экспорт, борлуулалт, тээврийг огцом нэмэгдүүлж чадлаа. Харин нэгж үнийн хувьд хоёр дахин унасантай холбоотойгоор 1,1 их наяд төгрөгийн цэвэр ашигтайгаар ажилласан” гэв.
-БҮРЭН 1072 ХУВЬЦААТАЙ ИРГЭН ТАТВАРЫН ӨМНӨХ ДҮНГЭЭР 70216 ТӨГРӨГ АВНА-
Түүнчлэн “Компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг шийддэг. Ногдол ашгийг ямар нэгэн мэдэгдэл, улс төрийн шийдвэрийн дараа тараадаг зүйл биш. Ашигтай ажилласан бол тараана, ашиггүй бол тараахгүй гэсэн зарчим баримталдаг юм.
2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ удаагийн ногдол ашиг нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийтдээ 786.6 тэрбум төгрөг байхаар тогтсон. Үүнээс 0.6 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд, 199.2 тэрбум төгрөгийг иргэдэд олгоно. Бүрэн 1072 хувьцаатай иргэн татварын өмнөх дүнгээр 70,216 төгрөг авна” хэмээлээ.
-ЗАХ ЗЭЭЛД БҮХ ТӨРЛИЙН НҮҮРСИЙГ ГАРГАНА-
Мөн компанийн үйл ажиллагааны тухайд “Манай компани 2022 он хүртэл хатуу коксжих нүүрс олборлож ирсэн. Харин үүнээс хойш ордоо сорчлохгүй, бүх төрлийн нүүрсийг зах зээлд гаргах бодлого баримталж байна. Өнөөдрийн байдлаар 7-8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байна. 2025 онд Баруун цанхын хойд хэсэгт 15 жил ашиглах нөөц бүхий, сайн чанарын нүүрсний уурхай нээн олборлолт эхлүүлээд байна. Тус бүтээгдэхүүнийг брэнд болгон биржээр арилжаалж байгаа. Анх 77.4 ам.доллараар борлуулж байсан бол одоо 97.4 ам.долларт хүрч, борлуулалтын орлого өссөн.
Нүүрсний үнийн тухайд хэлэхэд, Монголын нүүрс дэлхийг тойрон эргэхгүй. Манай нүүрс эрэлттэй байгаа нь үнээ харьцангуй бага тогтоож байсантай холбоотой. 2020-2022 оны нүүрсний үнэ өссөн алтан үеийг бид алдсан. Тэр үед “амны” буюу зах зээлийн үнээс доогуур борлуулалт хийж байсан. Харин үүнээс хойш биржээр арилжаалж эхэлснээр дээрх бодлогын алдааг засаж байна. Үр дүнд нь 2025 оноос хойш нүүрсний үнэ 44 хувиар өссөн. 2026 оны хоёрдугаар сарын байдлаар нэг тонн нүүрс 1026 юаньд хүрсэн нь цаашдын төлөвийг харьцангуй өөдрөгөөр харахад нөлөөлж байна” гэв.