Кубын хилийн харуултай АНУ-д бүртгэлтэй завьтай хүмүүс мөргөлдөж, дөрвөн хүн амиа алдав

Кубын хилийн харуултай АНУ-д бүртгэлтэй завьтай хүмүүс мөргөлдөж, дөрвөн хүн амиа алдав

АНУ-д бүртгэлтэй завинд зорчиж явсан дөрвөн хүн Кубын хилийн харуулуудтай буудалцсаны улмаас амиа алдсан талаар Кубын засгийн газар мэдэгджээ. Амиа алдагсад нь АНУ-д оршин суудаг Кубын иргэд байсан гэж Кубын Дотоод хэргийн яам онлайнаар нийтэлсэн мэдэгдэлдээ дурдсан байна.

Албан ёсны мэдээллээр, Флорида мужид бүртгэлтэй уг завь Лхагва гарагийн өглөө Кубын хойд эргийн ойролцоо, Вилла Клара мужийн Кайо Фалконес орчимд илэрчээ. Кубын эргийн харуулын хөлөг онгоц таних тэмдэг авахаар ойртоход завины зорчигчид гал нээсэн бөгөөд үүний улмаас Кубын нэг албан хаагч шархадсан байна.

Мөргөлдөөний үеэр завинд байсан дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ. Амьд үлдсэн зургаан хүнийг саатуулсан бөгөөд тэдний зарим нь өмнө нь гэмт хэрэг, хүчирхийлэлтэй холбоотой бүртгэлтэй байсан гэж Кубын тал мэдээлсэн байна. Уг завинаас гар буу, автомат винтов, гар хийцийн тэсрэх төхөөрөмж болон бусад зэвсэглэл олдсон гэжээ. Мөн уг хэрэгт холбоотой гэж үзсэн нэг хүнийг нэмж баривчилсан байна.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уг хэргийг "маш ер бусын" явдал хэмээн тодорхойлж, АНУ бие даасан мөрдөн шалгалт явуулж байгааг мэдэгдсэн байна. Тэрээр "яг юу болсон, хэн оролцсоныг тогтооно" хэмээн онцолж, АНУ Кубын засгийн газрын мэдээлэлд бүрэн найдахгүй, баримтыг өөрсдөө баталгаажуулна гэдгийг хэлсэн байна.

Мөн Флорида мужийн зарим улстөрчид уг явдлыг хатуу шүүмжилж, мөрдөн шалгахыг шаардаж эхэлжээ. Конгрессын гишүүн Карлос Гименез уг хэргийг "аллага" гэж нэрлэсэн бол Флоридагийн ерөнхий прокурор Жеймс Утмейер мужийн түвшинд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээ мэдэгдсэн байна. Энэхүү хэрэг нь АНУ, Кубын хоорондын харилцаа хурцадмал байгаа үед гарсан бөгөөд бүс нутгийн улс төрийн уур амьсгалд нөлөөлөх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: BBC