Сү.Батболдын сонгуулийн бэлтгэлийг хангах гэж Дундговийн МАН-ынхан “Чингис” зочид буудалд хуралдав уу

Сү.Батболдын сонгуулийн бэлтгэлийг хангах гэж Дундговийн МАН-ынхан “Чингис” зочид буудалд хуралдав уу

Дундговь аймгаас сүүлийн хоёр удаагийн парламент /2012-2020/-д Мон-Ураны эзэн Б.Наранхүү сонгогдон ажиллаж байна. Харин энэ жилийн УИХ-ын ээлжит сонгуулиар Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэж нэг тойрог болгон, УИХ-ын хоёр мандаттай байхаар тогтсон. 

Тэгвэл дээрх тойрогт МАН-аас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар нэр дэвшинэ гэх мэдээлэл байгаа юм. 

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Сү.Батболд нь 2004 оноос хойш өнөөг хүртэл Сүхбаатар дүүргээс тасралтгүй УИХ-д сонгогдсон нэгэн юм. Тэгвэл тэрээр энэ удаа тойргоо сольж, хөдөө орон нутагт нэр дэвшинэ гэх мэдээлэл байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хувьд тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулиар Дорноговь-Говьсүмбэр аймгийн тойргоос сонгогдсон, яруу найрагч нэгэн юм. 

-ДУНДГОВЬ АЙМГИЙН МАН-ЫН УДИРДЛАГУУД УЛААНБААТАР ХОТОД
ИРЖ ЯАГААД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ЗӨРЧИВ-

Коронавирусийн халдвар, түүний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, дотоодод олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, иргэдийн бөөгнөрөл үүсэхийг хориглоод байгаа. 

Гэтэл өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт Дундговь аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны удирдлага О.Бат-Эрдэнэ Чингис зочид буудалд олон хүн цуглуулж, хурал зөвлөгөөн хийсэн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн. Мөн  энэхүү үйл явдлыг “МАН-ын үүрийн дарга нарын дунд цахим сургалт зохион байгуулсан” гэж зарим эх сурвалж мэдээлж буй.

Ямартай ч “Чингис” зочид буудалд Дундговь аймгийн удирдлага, тус аймгийн МАН-ын хорооноос зохион байгуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээ болсон бололтой. 

Тэгвэл Чингис зочид буудал, E-Март зэрэг Монголын томоохон газрууд УИХ-ын гишүүн Сү.Батболдын эзэмшлийнх гэдэг. Иймд өнгөрөгч Баасан гарагт “Чингис” зочид буудалд Дундговь аймгийн МАН-ын хорооноос зохион байгуулсан улс төрийн ажил нь “УИХ-ын гишүүн Сү.Батболдын тус аймагт нэр дэвшин өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж байв уу” гэх хардлагыг төрүүлж байна. 

Харин тус үйл явдлыг шалгахаар очсон Цагдаагийн албан хаагч “Дундговь аймгийн Ардчилсан нам /АН/-аас сургалт юм уу, зөвлөгөөнийг зохион байгуулсан гэж байгаа үүнийг тодруулна. Шалгалтын ажиллагаа” хийгдэнэ гэж мэдэгдсэн нь АН-ыг тус асуудалд гүтгэлээ гэх асуудлыг зарим иргэд гаргасан байгаа юм.