СУРВАЛЖИЛГА: “Энхтайваны гүүр”-ний ашиглалтын хугацаа дуусаад 13 жил өнгөрч, эвдрэл цууралт үүсжээ

СУРВАЛЖИЛГА: “Энхтайваны гүүр”-ний ашиглалтын хугацаа дуусаад 13 жил өнгөрч, эвдрэл цууралт үүсжээ

Улаанбаатар хотын төвийг өмнөд хэсэгтэй холбох автозамын гол зангилаа болсон хоёр гол гүүрний нэг нь Энхтайваны гүүр юм. Тус гүүрийг Монгол, Хятадын эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1958 онд барьж эхлүүлэн, 1963 онд ашиглалтад оруулсан байдаг.

ВИДЕО: 

Гүүр баригдахаас өмнө энэ хэсэгт Богд гэгээний залардаг “Залрахын улаан” нэртэй модон гүүр байлаа. Богдын дараа хувьсгал мандаж, Туул голын хөвөөнөө Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсанаас хойш модон гүүр нийслэл хотын зам харилцааны гол цэг болсон юм. Ийм төрлийн төмөрбетон гүүрний дундаж насжилт 50-60 жил байдаг бол Энхтайваны гүүрний ашиглалтын хугацаа хэтрээд 10 гаруй жил өнгөрч, эвдрэл цууралт үүссэн ч үүргээ гүйцэтгэсээр, Улаанбаатарын замын ачааллыг хуваалцсаар байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр техникийн нөхцөл байдал “муу” буюу хэзээ мөдгүй нурахад бэлэн үнэлгээтэй гарсан юм.

ГҮҮР АШИГЛАЛТАНД ОРСНООС ХОЙШ ЕРДӨӨ ГУРВАН УДАА УРСГАЛ ЗАСВАР ХИЙЖЭЭ

Ашиглалтад ороод 60 гаруй жилийн хугацааг үдсэн “өвгөн” гүүр хүнээр бол амьдралынхаа туршид гурван удаа дусал тариа хийлгэсэн байна. Тухайлбал, 2004 болон 2006 онуудад БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүүрний дам нуруу болон тулгуур баганыг хүчитгэж, зорчих хэсэг, хайс, фасадад засвар хийсэн байна.

Харин 2021 онд 900 сая төгрөгийн урсгал засвар хийж, 7200 ам метр зорчих хэсгийн хучилтыг 3 см орчим хуулж шинэ асфальтаар хучсан байна. Мөн 54 гэрлийн шонг шинэчилж, гүүрийн будгийг сэргээж, гэрэлтүүлгийг сольжээ. Явган хүний 1400 ам метр замд резинэн хучилт хийхээр төлөвлөсөн ч хөл хорионы нөхцөлөөс шалтгаалан 400 орчим ам метр талбай дутуу үлдсэн талаар тухайн үед мэдээлж байжээ. Түүнчлэн Хотын дарга асан Д.Сумъяабазар 2021 онд “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Энхтайваны гүүрийг зургаан эгнээ болгон өргөтгөж, явган болон дугуйн замтай болгон бүрэн шинэчлэхээр Хятадын талтай ярилцаж, зураг төсөл боловсруулж буй хэмээж байв.

Энхтайваны гүүр. 2026.02.25

ШИНЭ ГҮҮР БИШ ШИНЭ ИХ ЗАСВАРЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖИЛД 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Өнгөрсөн оны наймдугаар сар /2025.08/-д Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр шинэ гүүртэй болохгүй ч шинэ их засварын ажлыг эхлүүлэх тухай мэдээлсэн билээ. Тэрээр “Энхтайваны гүүрэнд 2026 онд их засвар хийхээр төлөвлөсөн. Үр дүнд нь гүүрний насжилт 15-20 жилээр уртасна.  Мөн зураг төслийн ажил 60 хувьтай явж байгаа. 2025 оны аравдугаар сарын 30-нд багтаан дуусгаж 2026 оны төсөвт шинэчлэлийн зардлыг тусган, ажлыг эхлүүлнэ” хэмээсэн.

Гэвч амласан хугацаанаас хойш хэдэн сар өнгөрсөн ч зураг төслийн ажлын явцын талаар шинэчилсэн мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна. Монгол Улсын 2025 оны төсөвт их засварын зураг төсөлд 1.5 тэрбум төгрөг баталж, 2026 онд 397.3 сая төгрөгийн санхүүжилт тусгажээ.

Энхтайваны гүүр. 2026.02.25

ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭЛЭГДЭЛД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛЖ БАЙГАА НЬ БОРООНЫ УС

Энхтайваны гүүр нь нийт 379 метр урттай, 15 тонн даацтай гүүрэн байгууламж. Хийцийн хувьд Т хэлбэрийн дам нуруутай, өлгөмөл хийцтэй. Явган хүний замын доогуураа хөндий мөн холбооны кабель, шугам сүлжээ байрласан тул ус зайлуулах систем хангалтгүй ажиллаж, борооны ус бетон бүтцэд нэвчин доройтол үүсгэж байгаа юм. Энэ хэсэгт нэмж бетон цутгавал байнгын ачаалал нэмэгдэх тул гүүрийг бүрэн шинэчлэхээр шийдвэрлэж, зураг төсвийг боловсруулах тендер зарлажээ. Энэхүү тендерт  "ДБЭТ" компани шалгарсан байна.

Зураг төслийн тендерт шалгарсан “ДБЭТ” компанийн ерөнхий инженер Э.Тодгэрэл өнгөрсөн оны наймдугаар сард мэдээлэл хийхдээ “Энхтайваны гүүр нь Т хэлбэрийн дам нуруутай, 30-40 тоннын даацын автомашин зорчвол хийцэд эрсдэл үүснэ. Их засварын хүрээнд өндөр зэрэглэлийн ус тусгаарлагч суурилуулж, насжилтыг 15-20 жилээр уртасгахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Дээгүүр нь холхих хүн, машины тоо цөөн байх 1960-аад онд 50–60 жилийн насжилттайгаар баригдсан Энхтайваны гүүр 60 гаруй жилийн турш их засваргүй ашиглагдсаар өнөөдрийн “муу” үнэлгээтэй нөхцөл байдалд хүрчээ. Зураг төсөл, төсөв, шинэ гүүр гэх үгс жил бүр давтагддаг ч бодит амьдрал дээр ажил урагшлаагүй, нийслэлийн иргэд насжилт хэтэрсэн гүүрээр зорчсоор байна.  Тиймээс их засварын зураг төслийн явц, санхүүгийн зарцуулалт, ажил эхлэх огноог олон нийтэд нээлттэй мэдээлж, бодит хэрэгжилтийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа юм.

Энхтайваны гүүр. 2026.02.25




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө