Хар тамхины бүлэглэлийн толгойлогч “Эль Менчо” алагдсаны дараа Мексик даяар хүчирхийлэл дэгджээ

Хар тамхины бүлэглэлийн толгойлогч “Эль Менчо” алагдсаны дараа Мексик даяар хүчирхийлэл дэгджээ

АНУ-ын тагнуулын дэмжлэгтэйгээр явуулсан тусгай ажиллагааны үеэр эрэн сурвалжлагдаж байсан хар тамхины бүлэглэлийн толгойлогч амиа алдсаны дараа Мексик даяар хүчирхийллийн давалгаа өрнөж эхэлжээ. 

"Эль Менчо" нэрээр алдаршсан Немесио Осегера Сервантес нь Халискогийн Шинэ Үе хар тамхины картелийн удирдагч байсан бөгөөд Ням гараг /2026.02.22/-т Халиско мужийн Тапалпа хотод болсон цэргийн ажиллагааны үеэр хүнд шархадан нас баржээ. Мексикийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр уг мөргөлдөөний үеэр картелийн дөрвөн гишүүн амиа алдаж, гурван цэргийн албан хаагч шархадсан байна.

Картелийн толгойлогч амиа алдсаны дараа Халискогийн Шинэ Үе хар тамхины картелийн гишүүд дор хаяж 12 мужид эмх замбараагүй байдал үүсгэж, автомашин шатаан зам хаах, зэвсэглэн гудамжинд гарч ирэх зэрэг үйлдэл хийж эхэлжээ. CBS агентлагийн мэдээлснээр улс орон даяар 250 орчим замын хаалт тавигдсанаас 65 нь Халиско мужид бүртгэгдсэн байна. 

Гэрчүүд Гвадалахара хотын дээгүүр утаа суунаглаж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бол жуулчид Пуэрто Валлартаг "дайны бүс" мэт харагдаж байгааг онцолсон байна. Мужийн захирагч Пабло Лемус Наварро "улаан код" зарлаж, нийтийн тээврийг түр зогсоон, олон нийтийн арга хэмжээ болон танхимын сургалтыг цуцалжээ. Засгийн газрын мэдээлснээр хүчирхийлэлтэй холбоотойгоор 25 хүнийг баривчилсан бөгөөд 11 нь зэвсэгт халдлага, 14 нь дээрэм тонуулын хэрэгт холбогдсон байна. Мөн 20 орчим банкны салбар халдлагад өртөж, дэлгүүрүүд шатжээ.

Эх сурвалж: BBC