АНУ-аас 15 сая доллар амлаад байсан хар тамхины картелийн эзэн “Эль Менчо” алагджээ

АНУ-аас 15 сая доллар амлаад байсан хар тамхины картелийн эзэн “Эль Менчо” алагджээ

Мексикт эрэн сурвалжлагдаж байсан этгээд, Халискогийн Шинэ Үе хар тамхины картелийн тэргүүн Немесио Осегера Сервантес буюу "Эль Менчо" баривчлах тусгай ажиллагааны үеэр түүнийг амиа алдсан талаар Мексикийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

Тодруулбал, Ням гараг /2026.02.22/-т Халиско мужийн Тапалпа хотод болсон цэргийн ажиллагааны үеэр түүний дэмжигчид болон армийн хооронд ширүүн мөргөлдөөн гарч, "Эль Менчо" хүнд шархадсан байна. Ингээд түүнийг Мехико хот руу тээвэрлэж байх үед нас баржээ. Мөргөлдөөний үеэр хар тамхины картелийн дөрвөн гишүүн амиа алдаж, гурван цэргийн алба хаагч шархадсан байна. АНУ уг ажиллагаанд тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлсэн гэж Мексикийн тал мэдээлжээ. 

Сонирхуулахад, Халискогийн Шинэ Үе хар тамхины картель удирдагчаа алдсаны дараа найман мужид автомашин шатаах, зам хаах, аюулгүй байдлын хүчинд халдах зэргээр хүчтэй эсэргүүцэл үзүүлжээ. Үүний улмаас АНУ-ын Төрийн департамент Халиско, Тамаулипас, Мичоакан, Герреро, Нуэво Леон мужуудын зарим бүсэд буй иргэддээ хоргодох байранд орохыг зөвлөсөн сэрэмжлүүлэг гаргасан байна.

Гэрчүүд зарим хотуудын дээгүүр утаа суунаглаж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Мөн жуулчдын гол чиглэл болох Пуэрто Валларт хотод үймээн самууны улмаас олон мянган жуулчин зочид буудалдаа гацсан байж болзошгүй талаар мэдээлсэн байна. Улмаар агаарын тээврийн салбарт ч нөлөө үзүүлж, United Airlines, American Airlines, Air Canada компаниуд зарим нислэгээ цуцалсан бол Delta Airlines компанийн нэг нислэг чиглэлээ өөрчилжээ.

Эль Менчо нь 59 настай, цагдаагийн албанд ажиллаж байсан туршлагатай АНУ руу кокаин, метамфетамин, фентанил их хэмжээгээр хууль бусаар нийлүүлдэг, дэлхийд нөлөө бүхий гэмт хэргийн сүлжээг удирдаж байжээ. АНУ-ын Төрийн департамент түүнийг баривчлахад хүргэсэн мэдээлэлд 15 сая ам.долларын шагнал амлаад байжээ.

Мексикийн Батлан хамгаалах яам тусгай хүчнийхэн уг ажиллагааг төлөвлөж, гүйцэтгэсэн бөгөөд агаарын цэргийн хүчин болон Үндэсний гвардын нисэх нэгжүүдийг ашигласан гэж мэдэгдсэн байна. Мөн ажиллагааны үеэр хэд хэдэн хуягт машин, зэвсэг, тэр дундаа пуужин харвагч хураан авчээ.

АНУ-ын Мексик дэх элчин сайд асан Кристофер Ландау "Эль Менчо"-г хамгийн цуст, харгис хар тамхины наймаачдын нэг хэмээн тодорхойлж, түүний үхлийг Мексик, АНУ болон бүс нутгийн хувьд томоохон ахиц гэж үнэлжээ. Харин АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын Олон улсын ажиллагааны хэлтсийн дарга асан Майк Вигил энэ ажиллагааг "мансууруулах бодисын наймааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг" хэмээн нэрлэсэн байна. 

2010 онд Халиско мужид үүсгэн байгуулагдсан Халискогийн Шинэ Үе хар тамхины картель нь өдгөө Мексик даяар үйл ажиллагаа явуулж, АНУ-ын олон мужид нөлөөтэй гэж үздэг байна. Тус бүлэглэл Синалоа картелийн гол өрсөлдөгч бөгөөд фентанилын үйлдвэрлэл, наймаанаас асар их ашиг олдог ажээ.

АНУ-ын Гааль, Хилийн хамгаалалтын албаны 2025 оны зургаадугаар сард нийтэлсэн тайланд дурдсанаар, 2024 оны аравдугаар сараас хойш 4182 кг фентанил хураан авсан байна. Үүний 96 хувийг Мексиктэй хиллэдэг баруун өмнөд хил дээр илрүүлжээ.

"Эль Менчо"-гийн үхэл нь Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын картелийн эсрэг бодлогын томоохон амжилт гэж үнэлэгдэж байна. Энэ нь Мексикийн нутаг дэвсгэрт картелийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай харилцаанд ч нөлөөлж болзошгүй ажээ.

Гэсэн ч аюулгүй байдлын нөхцөл байдлыг богино хугацаанд бүрэн хяналтдаа авч чадахгүй бол картелийн зүгээс ирэх өшөө авалтын шинжтэй халдлагууд засгийн газрын амжилтыг сүүдэртүүлэх эрсдэлтэй хэвээр байгаа ажээ. Учир нь Халискогийн Шинэ Үе хар тамхины картель өмнө нь армийн нисдэг тэргийг пуужингаар унагаах, төрийн албан хаагчдыг хөнөөх, олон нийтийг айлгах зорилгоор хохирогчдын цогцсыг ил задгай орхих зэрэг онц ноцтой халдлагуудаараа танигдсан бүлэглэл ажээ. 

Эх сурвалж: BBC