АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Флорида мужийн Палм Бич дэх Мар-а-Лаго оршин суух газрын аюулгүй бүсэд хууль бусаар нэвтрэхийг завдсан зэвсэглэсэн эрийг тус улсын нууц албаны ажилтнууд буудаж, улмаар тус эр амиа алдсан нь дэлхийн хэвлэлүүдийн анхааралд ороод байна.
Хэрэг явдал орон нутгийн цагаар ням гараг /2026.02.22/-ийн өглөө болсон бөгөөд тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтон хотод байсан ажээ. Харин нууц албаны мэдээлснээр "Ерөнхийлөгч Д.Трампын оршин суух газрын аюулгүй бүсэд нэвтэрсэн сэжигтэн Мар-а-Лагогийн хойд хаалганы орчимд буу болон түлшний сав авч явсан" гэжээ.

Тодруулбал, АНУ-ын Нууц албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гуглиелмигийн мэдэгдснээр, "хамгаалалтын ажилтнууд сэжигтнийг аюулгүй бүсэд нэвтэрч буйг илрүүлэн зогсоохыг шаардсан байна." Палм Бичийн шериф Рик Брэдшоугийн хэлснээр, албаныхан түүнд "зэвсгээ болон эд зүйлсээ хая" хэмээн тушаасан ч тэрээр зааврыг үл тоомсорлон буугаа буудах байрлалд өргөсөн тул "заналхийллийг саармагжуулах зорилгоор" гал нээсэн. Алба хаагчид гэмтээгүй" гэжээ.
Сэжигтний буу цэнэгтэй байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтооно гэж тэрээр мэдэгдсэн байна. Уг хэрэгт АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хамтран ажиллаж байгаа аж.

CBS сувгийн мэдээлснээр, "сэжигтэн нь Хойд Каролина мужийн Камерон хотын оршин суугч Остин Мартин байж болзошгүй байна. Түүний гэр бүлийнхэн ням гарагийн өглөө эрт алга болсон тухай мэдээлсэн бөгөөд уг мэдээллийг холбооны байгууллагад шилжүүлсэн" гэжээ. Харин албаныхны хэлснээр, тухайн этгээд өмнө нь хууль сахиулах байгууллагын анхааралд өртөж байгаагүй байна. Мөн түүнийг замдаа буу худалдан авсан эсэхийг шалгаж байгаа аж.
Д.Трампын оршин суудаг Мар-а-Лагогийн хамгаалалт өндөр түвшинд хэрэгждэг бөгөөд орон нутгийн шерифийн алба гаднах хамгаалалтыг, нууц алба дотоод хамгаалалтыг хариуцдаг байна. Зочид, тээврийн хэрэгсэл, ачаа тээшийг нохой болон металл илрүүлэгчээр шалгадаг ажээ.
Сүүлийн жилүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэд хэдэн удаа амь насанд халдах оролдлогын бай болж байсан. Тухайлбал, 2024 оны долдугаар сард Пенсильвани мужийн Батлер хотод болсон уулзалтын үеэр тэрээр суманд өртөж, чихэндээ шархадсан бол нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан. Харин хэдэн сарын дараа Вест Палм Бич дэх гольфын клубын орчимд зэвсэгтэй сэжигтэй этгээд илэрч, баривчлагдсан бөгөөд уг хэрэгт холбогдсон 59 настай эрд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон юм.
Энэ удаагийн үйлд явдалтай холбогдуулан АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент улс төрийн хүчирхийлэл нэмэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлж, "улс төрийн хүчирхийллийг хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөх хандлага бий болж байна" хэмээн мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид Мар-а-Лаго дахь өчигдрийн хэрэг явдлын шалтгаан, сэдлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: BBC
